Н.Баяртсайхан: 2018-2019 он томоохон төслүүдийг хөдөлгөх үндэс суурь нь болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-11-16 12:33:03
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкнаас есдүгээр сарын 29-нд өргөн мэдүүлсэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

Тогтоолын төсөлд, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл”-ийг хавсралтаар батлах, Монголбанкны дүрмийн сангийн хэмжээг  2018 онд 100 /нэг зуун/ тэрбум төгрөг болгож нэмэх, Монгол   Улсын   мөнгө   угаах,   терроризмыг   санхүүжүүлэхтэй тэмцэх дунд хугацааны үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эрх зүйн  орчныг  Мөнгө  угаахтай  тэмцэх  санхүүгийн  арга  хэмжээ авах байгууллага (ФАТФ)-аас тогтоосон стандарт, зөвлөмжтэй нийцүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх, Санхүүгийн   зах   зээлийг   хөгжүүлэх   хөтөлбөрийг   батлуулан хэрэгжүүлэх, Банкны салбарын бүтцийн өөрчлөлтийн дэд бүтцийг бэхжүүлж, түүний эрх зүйн орчинг төлөвшүүлэх, Зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулах ажлыг авч хэрэгжүүлэхийг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд даалгахаар тусгасан.

Мөнгөний бодлогын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүд ЭЗБХ болон Монголбанкны ерөнхийлөгчөөс асуулт асууж хариулт авав. Валютын ханшийг бууруулах талаар ямар чиглэл барьж буйг лавлахад Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн 2017 онд их хүнд нөхцөлд байсан. 2018 он харин эдийн засгийн шинэчлэлтийн жил байхаар харагдаж байна. Тиймээс үүнд тулгуур болох баримт бичиг батлагдах гэж байна. Энэ бол тунхаг биш үйл ажиллагааны хөтөлбөр байх болно. Өнгөрсөн жил Монголбанкны валютын нөөц хасахтай байна гэж хэлээд би загнуулаад сууж байсан. Харин өнөөдөр 500 сая ам.долларын нөөцтэй болсон байна. Тиймээс боломжтой цаг үед валютын ханш буулгах чиглэлээр ажиллах болно” гэж хариулав. Тэрбээр мөн 2018-2019 он томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх үндэс суурь нь байх тул эдгээр төслүүдийг хөдөлгөж эхлэх цаг нь ирж буйг онцоллоо. Мөн зээлийн хүүг бууруулах асуудлын хамгийн гол шийдэл УИХ-аас гарна гээд, нэн тэргүүнд алдагдалгүй төсөв батлагдах хэрэгтэй гэсэн юм.
Томоохон төсөл хөтөлбөрүүд хэзээнээс хөдөлж эхлэх талаар Д.Дамба-Очир гишүүн “ЭЗБХ-нд том төслүүдийг хөдөлгөх асуудлаар хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж байна. Яг ТЭЗҮ нь боловсруулагдаж, батлагдсан, хавар барилгын ажил нь эхлэх төсөл их цөөн байсан. Хоёрт, бүлэг, нам дээрээ ярьж байгаад төмөр зам гэх мэт том төслөө хөдөлгөх асуудлаар ярилцах, Гуравт Эрдэнэт, Оюутолгой гэсэн том үйлдвэрүүдийн импортоор авч байгаа тоног төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэдэг болмоор байна” гэлээ. 
Д.Тэрбишдагва гишүүн “Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх гэсэн их сүржин нэртэй зүйл явах юм. Манайд үнэхээр ийм эрсдэл байна уу? “Саарал” жагсаалтад орох гэж байна гэсэн. Хэрэв үүнд нь орвол яах юм бэ” гэхэд Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Мөнгө угаах терроризмын санхүүжилттэй тэмцэх олон улсын байгууллагаас 2016-2017 онд Монгол Улсын нөхцөл байдалд үнэлгээ хийсэн. Үнэлгээгээр ноцтой нөхцөл үүссэн, “саарал” жагсаалтад орох магадлалтай байна, тиймээс хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох шаардлага тавьсан. Хэрэв “саарал” жагсаалтад орвол Монголд хөрөнгө оруулах итгэл буурах зэрэг сөрөг үр дагавар үүснэ. Ганц Монголбанк бус хууль, хүчний олон байгууллагын хамтын хүч, идэвхтэй ажиллагаа чухал. ҮАБЗ-өөс мөн зөвлөмж гарсан. Үүнийг яаравчлан хэрэгжүүлэх шаардлагатай байна” гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “2018 оны 10 дугаар сард эдийн засаг эргээд хямрах эрсдэл бий гэдгийг санаарай. Гэхдээ энэ завшааныг ашиглаад Н.Баяртсайхан ерөнхийлөгч болон Монголбанкны нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэмээр байна. Ж.Эрдэнэбатын Засгийн газар, Монголбанкны хамтын ажиллагааны хүчинд Монгол Улс дампуурах эрсдлээс хамгаалж чадсан” гэсэн юм.

Одоо байнгын хорооноос гарсан зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хурааж байна. 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ