Шөнийн цагаар хуримталсан эрчим хүчийг өдрөөр ашигладаг хэвшилд шилжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-11-15 19:08:47
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өнөөдөр сэтгүүлчдэд хандаж мэдээлэл хийх үеэрээ "55 тэрбум төгрөгөөр гэр хорооллын айл өрхүүдийг 4 киловаттын халаагуур залгахуйц хүчин чадлыг бий болгоно" хэмээв. 

Тэрбээр цааш ярихдаа, "Жил бүрийн өвөл агаарын бохирдол Улаанбаатарчуудын санаа зовоосон асуудал болдог. Иймээс утааг арилгах ажилд эрчим хүчний салбарынхы оролцоо өндөр юм. Дулааны цахилгаан станцууд нь агаарын бохирдлын нэгээхэн хүчин зүйл мөн боловч нийт агаарын бохирдлын 5 хувийг л эзэлдэг. Гол анхаарал татаж байгаа хүчин зүйл бол гэр хорооллынхны яндангаас гарч буй нүүрсний дутуу шаталт юм. Тиймээс гэр хорооллын айл өрхүүдийг 4 киловаттын халаагуур залгадаг хүчин чадлыг бий болгоно. Одоогийн байдлаар зөвхөн гэрэл нь л асдаг айл өрхүүд цөөнгүй байна. Тэгэхээр бидний тавьж буй зорилтын хүрээнд  гэрлээ гэлтгүй хөргөгч, зуух гэх мэт бүх цахилгаан хэрэгслээ залгадаг боломжийг айл өрхүүддээ бүрдүүлнэ. Өнгөрсөн хугацаанд 6000 айл өрхийг эрчим хүчтэй холбоод буй. Цаашид 21 мянган айл өрхийг цахилгаанд холбоно. Мөн 68-ыг нь төвийн халаалтад холбох гэж байна. Зөвхөн тэдгээр зуухыг төвлөрсөн халаалтад холбосноор 17 мянган тонн нүүрсийг шатаахгүй байх нөхцөл бүрдэх юм.

Одоогоор шөнийн 21 цагаас өглөөний 06 цагийн хооронд шөнийн тарифыг тэглэсэн. Гэвч өглөө 07-08 цагийн хооронд айлууд гэрлээ асаах, цайгаа чанах зэргээр цахилгааны ачаалал нэмэгддэг тул эрчим хүчийг хуримтлуулдаг технологийг нэвтрүүлэх чиглэл барьж ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, шөнийн цагаар хуримтлуулсан эрчим хүчээ өдрийн цагаар ашигладаг хэвшил рүү шилжинэ. Дан ганц эрчим хүчээр агаарын бохирдлыг бүрэн шийдэхгүй ч зохих үр дүнгээ өгөх болно" гэлээ. 
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ