Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд 1.3 их наяд төгрөг зарцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-11-15 17:39:12
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын хуралдаанаар Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, 2018 оны үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж байна.

Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц  энэ оны  10 дугаар сарын 1-ний байдлаар 88.8 хувьтай байгааг НЗД С.Батболд хуралдаанд танилцуулав. 2017 онд Нийслэлийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл таван бүлэгтэй бөгөөд нийт 334 ажил төлөвлөсөн байна. Үүнээс бүрэн хэрэгжсэн 216 хэргжсэн бол 85 нь хэрэгжих шатандаа байгааг танилцуулгадаа дурьдлаа. Мөн тэрбээр ирэх сард 2017 оны үндсэн чиглэлийн гүйцэтгэл, үр дүнг бүрэн нэгтгэж, НИТХ-д тайлагнах болно хэмээсэн юм.

2018 оны үндсэн чиглэлд хотын эдийн засгийг богино хугацаанд  тогтворжуулах, өсөлтийг нэмэгдүүлэх  бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн жижиг дунд үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилт тусгажээ. Нийслэлийн иргэдийг орон сууцаар хангах, гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх, авто замын түгжрэлийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр  ч  нийслэл хот өөрийн төсөв болон улсын төсөв, гадаад дотоодын  хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр зорилтот ажлуудыг хийхээр төлөвлөсийг Хотын дарга танилцуулгадаа дурьдлаа.

Ирэх онд нийслэлийн эдийн засаг, нийгмийг  хөгжүүлэх зорилгоор Хотын дэд төвүүдийг хөгжүүлэх, үйлдвэр, технологийн паркуудын үйл ажиллагааг эхлүүлэх, эрчимжүүлэх, гэр хорооллын 3000 айлыг дэд бүтцэд холбох, 71 нам даралтын зуухыг буулгах зэрэг бодлогын  арга хэмжээг хэрэгжүүлэх аж. Мөн Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийн барилгын ажлыг эхлүүлэх зорилгоор цэвэр болон бохир ус дамжуулах шугам тус бүр 4 км, 3.2 км автозам, 1.8 км 35 кВт-ын цахилгаан дамжуулах шугам барихаар төлөвлөжээ. Түүнчлэн 23.5 км автозам, 57 урт метр (У/М) гүүр, 6 км үерийн хамгаалалт шинээр барих, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 3.4 ам дөрвөлжинд хүргэх зэргээр 2018 оны Үндсэн чиглэлд нийт 400 гаруй ажил хэрэгжүүлэх бөгөөд үүнд нийт 1.3 их наяд төгрөгийн санхжүүжилт  шаардлагатай юм. Санхүүжилтийн 90.9 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, 114.8 тэрбумыг нийслэлийн  төсвөөс гаргах юм. Түүнчлэн гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээс 745.9 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэлээс 349.9 тэрбум  төгрөг босгохоор төлөвлөжээ.

Танилцуулгатай холбогдуулан НИТХ дахь МАН болон АН-ын бүлэг санал, дүгнэлтээ танилцууллаа.

Өнгөрсөн онд автозам шинээр барих, сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд хууль эрхзүйн зөвлөгөө өгөх зэрэг олон үр дүнтэй ажил хэрэгжүүлснийг НИТХ дахь МАН дүгнэлтэдээ дурьдсан байна. Харин ирэх оны үндсэн чиглэлд Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны цогцолбор байр барих, Шүд, эрүү, нүүрний эрүү нүүрний эмгэг судлалын төвийг өөрийн байртай болгох, гэр хорооллын тэлэлтийг зогсоох, зуухны хэрэглээг бууруулах, Ногоон хөгжлийн бонд гаргах, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогчид болон тоосго, төмрийн үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх зэргийг нэмж тусгах санал гаргалаа.

Харин НИТХ дахь АН-ын бүлгийн санал, дүгнэлтийг тус бүлгийн дарга Ц.Баатархүү танилцуулав. Тэрбээр, “НЗД-ын өргөн мэдүүлснээр тус үндсэн чиглэлийн 26 зорилтын гүйцэтгэл 88 хувьтай хэрэгжсэн хэмээн дүгнэсэн байна. Гэвч энэ дүгнэлт нь бодит байлдалтай төдийлөн нийцэхгүй байгаагаас гадна огт хэрэгжүүлээгүй, дөнгөж эхэлж буй бүтээн байгуулалтын ажлыг 100 хувь хэрэгжсэн хэмээн дүгнэсэн нь иргэдийг тоон мэдээллээр хуурсан үйлдэл юм. Дэлхийн банк, Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар Монгол улсад ядуурлын хэмжээ 29 хувьд хүрсэн байна. Гэтэл нийслэлийн өрх бүрт эдийн засгийн өсөлтийг тэгш хүргэж, иргэдийг ажилтай, орлоготой болгоно гэсэн зорилтоо 89 хувьтай хэрэгжсэн гэж дүгнэсэнтэй НИТХ дахь АН-ын бүлэг санал нийлэхгүй байна. Нөгөөтэйгүүр өмнөх жилүүдэд амжилттай хэрэгжиж байсан төслүүдийг удаашруулсан байна. Тухайлбал, энэ онд 10 ахмадыг “Ахмадын орон сууц” хөтөлбөрт хамруулсан. Хэрэв энэ хурдаараа явбал, ээлжээ хүлээж байгаа 4200 ахмадууд 420 жилийн дараа байрныхаа түлхүүрийг гардан авахаар байна” гэлээ.

Танилцуулгатай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгчид асуулт асууж, санал хэлж байна.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ