ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар И.А.Плиевийн хөшөө Зайсанд сүндэрлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. 1945 оны Чөлөөлөх дайнд Монгол-Зөвлөлтийн морьт механикжсан бүлгийн командлагчаар оролцож байсан ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, Армийн генерал И.А.Плиевийн дурсгалыг мөнхжүүлэх хөшөө өнөөдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Зайсан толгойн Зөвлөлтийн дайчдын хөшөөний зүүн урд талд сүндэрлэлээ.
Нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ, “Өнөөдөр бид Монгол Улсын түүхэнд тодоос тод тэмдэглэн үлдэх БНМАУ-ын Баатар Исса Александрович Плиевийн хөшөөг нээхээр цугласан билээ. Тэрбээр анх 1936 оны 5 дугаар сард БНМАУ-д томилолтоор ирж, Улаанбаатар хот дахь Нэгдсэн цэргийн сургуулийн зөвлөхөөр ажиллаж эхэлсэн түүхтэй. Мөн 1945 оны Чөлөөлөх дайнд Монгол-Зөвлөлтийн морьт механикжсан бүлгийн командлагчаар оролцож байсан юм. Армийн генерал И.А.Плиевийн байлдааны төгс командлал, баатарлаг ур чадварыг үнэлэн 1944, 1945 онд ЗХУ-ын Баатар цолоор хоёр удаа шагнасан байдаг. Түүнчлэн түүний байгуулсан гавьяа зүтгэлийг үнэлж 1971 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар И.А.Плиевт Монгол Улсын Баатар цол олгосон. Миний бие өнөөдөр Монголын ард түмний эрх чөлөөг хамгаалан бататгах, ирээдүй хойчийн залууст үлгэр дууриалал болж, Монгол-Оросын ард түмний болон тэдгээрийн ган бат зэвсэгт хүчний барилдлага, найрамдлыг бэхжүүлэх үйлсэд гарамгай гавьяа байгуулсан энэхүү эрхэм хүндэт баатрын хөшөөг нээх болсондоо баяртай байна” гэв.

Осетиний тариачны гэр бүлээс гаралтай Исса Александрович Плиев нь 1903 онд төрсөн. 1922 онд Оросын Улаан армид элсч, 1926 онд Ленинград хотын морин цэргийн сургууль төгссөн түүнийг Краснодар хот дахь Хойд Кавказын морин цэргийн ангийн захирагчаар томилжээ. 1936 оны тавдугаар сард БНМАУ-д томилолтоор ирж, Улаанбаатар хот дахь Нэгдсэн цэргийн сургуулийн зөвлөхөөр ажиллаж эхэлсэн байна. Хоёр жил гаруй Монголд ажилласан тэрбээр нутаг буцаж улмаар Дэлхийн II дайнд Украины 3-р фронтын морин механикжсан бүлгийн 4-р гвардын морин цэргийн корпусын командлагчаар, 1945 оны Чөлөөлөх дайнд Монгол-Зөвлөлтийн морьт механикжсан бүлгийн командлагчаар оролцжээ. Чөлөөлөх дайнд түүний орлогчоор генерал Ж.Лхагвасүрэн томилогдон мөр зэрэгцэн тулалдсан байдаг.
Нээлтийн ажиллагаанд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ОХУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх Ракшаев Рыгзын Ракшаевич, ОХУ-ын Холбооны Зөвлөлийн Батлан хамгаалах, аюулгүй байдлын хорооны гишүүн Мамсуров Таймураз Дзамбекович болон бусад албаныхан оролцов.
Дашрамд дурдахад, ЗХУ-ын хошой баатар, Армийн генерал И.А.Плиев нь "Говь хянганд тулалдсан нь" номын зохиогч бөгөөд 1945 оны Чөлөөлөх дайнд түүний командалсан Зөвлөлт-Монголын цэрэг нэвтрэхэд бэрх нуранги элс бүхий аагим халуун говь цөлийг туулан эрчимтэй хурдан давшиж тулалджээ. Түүний энэ зохиолоор Монгол кино үйлдвэр, "Мосфильм" нэгдэл хамтран 1981 онд Ардын хувьсгалын 60 жилийн ойд зориулан "Говь хянганд тулалдсан нь" уран сайхны, хоёр ангит өнгөт кино бүтсэн түүхтэй.
Ж.Болор
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал