“Утааны эсрэг ээж аавууд” ногоон зээлийн хүүг тэглэхийг шаардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-11-10 12:59:58
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-аас өнөөдөр 12-14 цагт НЗДТГ-ын гадна талбайд жагсаал зохион байгууллаа.

Засгийн газар энэ онд Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг баталсан. Найман жилийн хугацаанд 9.9 их наяд төгрөгийн санхүүжилтээр хэрэгжих тус хөтөлбөрийн 1.5 их наяд төгрөг нь гэр хороололд дэд бүтэц суурилуулах, Өмнөговийн нүүрсийг Улаанбаатарт авчирч гэр хороололын айлуудад түгээх зэрэг утаатай шууд холбоотой ажилд, үлдсэн хэсэг нь хот хоорондын аялал жуулчлалын үйлчилгээний цэг барих, гүүр, нүхэн гарц байгуулах зэрэг утаатай холбоогүй шахуу ажилд зарцуулахаар байгааг "Утааны эсрэг ээж аавууд" ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү жагсаалын үеэр онцлов.

Харин тус ТББ-ын зохицуулагч Т.Мандахжаргал агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын иргэдийг гэр, байшингаа дулаалах, цахилгаан халаагуур худалдан авах боломжийг бүрдүүлэх зорилго бүхий “Ногоон зээлийн сан”-гийн үйл ажиллагаа хангалтгүй байгаа гэдгийг  жагсаалын үеэр дурьдаж байсан юм. Тэрбээр, “Ногоон зээлийн сан”-гаас өнөөдрийг хүртэл иргэдэд зээл өгч чадахгүй байгаа. Харин арилжааны банкууд иргэдэд 17-19 хувийн хүүтэй ногоон зээл олгож байна. Нэг айл байшингаа дулаалж, цахилгаан халаагуур худалдан авах, хоёр тарифтай тоолуур, цахилгааны утас авахад 10 сая төгрөг шаардлагатай. Ингэж тооцвол иргэн 10 сая төгрөг зээллээ гэхэд гурван жилийн хүүнд 6 сая төгрөг төлөх юм. Энэ бол маш өндөр хүү. Харин гадаад орнуудын ногоон зээл маш бага хүүтэй байдаг. ХБНГУ л гэхэд жилд 1.7 хувийн хүүтэй байх жишээтэй. Тиймээс төр засгаас ногоон зээлийн хүүг бууруулах, улмаар тэглэхийг шаардаж байна” хэмээв.

Нийслэлийн агаарын бохирдлын дийлэнх хувь гэр хорооллоос үүдэлтэй. Тиймээс тус ТББ-аас гэр хорооллын дэд бүтцийг бий болгох, орон сууц барих чиглэлд нийслэлийн удирдлагуудыг анхаарлаа хандуулж ажиллахыг шаардаж байна. Тухайлбал, ирэх оны есдүгээр сарын нэгэн гэхэд 3000 айлын түрээсийн орон сууц барьж ашиглалтад оруулах, 20 мянган айлыг дэд бүтцэд холбох зэргийг дурьдаж болох юм. 2025 он хүртэл хэрэгжих Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт 9.9 их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байтал энэ оны нийслэлийн төсөвт ердөө 28 сая төгрөг суулгасныг тус байгууллагын гишүүд шүүмжилж байлаа.

“Утааны эсрэг ээж аавууд” ТББ дараагийн жагсаалаа энэ сарын 20-нд Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын гадна талбайд зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ