Даян-Улаан уулын боомтын Ямаатын голд гүүр барина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт орших Даян-Улаан уулын боомт, Монгол, Хятадын хилийн зааг дахь Ямаатын голд Хятад улсын хөрөнгө оруулалтаар гүүр барихаар болжээ. Энэ талаар БНХАУ-ын Алтай аймгийн Гадаад харилцааны газрын дарга Уй Гуан Шин аймгийн Засаг дарга А.Гылымханы нэр дээр ирүүлсэн албан бичигтээ дурдаж, холбогдох бэлтгэл ажлуудыг хангах асуудлаар Өлгий, эсвэл Алтай хотын аль нэгэнд уулзалт хийхийг хүсчээ.
Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд 2014 онд Даян-Улаан уулын боомтыг 6 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 1-ний хооронд 120 хоног тогтмол ажиллуулахаар хугацааг нь уртасгасан байна. Мөн энэ үеэс боомтын дэд бүтцийг сайжруулах чиглэлээр яриа хэлэлцээрүүд хийгдэж, Ямаатын голд Хятад улсын санхүүжилтээр гүүр барихаар тохирсон аж. Улмаар гүүрийн зураг төсвийг гаргаж, холбогдох зөвшөөрөл авахаар Монгол Улсын Засгийн газарт хүргүүлээд байжээ. Өнгөрсөн сарын 10-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болсон хоёр улсын хил, гаалийн байгууллагуудын зургаа дахь уулзалтын үеэр энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэж, барилгын ажлыг эхлүүлэхээр тохирсон байна.
Дашрамд хэлэхэд, Даян-Улаан уулын боомт нь манай улсын баруун хязгаарт тус аймгийн Сагсай сумын нутагт байдаг бөгөөд 1991 оны 7 дугаар сард нээгджээ. Боомтыг аймгийн төвтэй холбосон 220 км хатуу хучилттай зам тавих асуудлыг үе үеийн аймгийн удирдлагууд хөндөж тавьж байгаа боловч, Ховд аймгийн Яарант боомтоос Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомт хүртэлх баруун бүсийн босоо тэнхлэгийн 743.1 км авто замын барилгын ажил явагдаж байгаатай холбогдуулан хойшлогдсоор байгаа ажээ.
Ө.Нурболат