Туркийн цагдаа нар "Лалын улс" бүлэглэлийн олон гишүүнийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-11-03 13:10:29
АНКАРА. /Анадолу/. Туркийн цагдаа нар сүүлийн 10 гаруй хоногийн хугацаанд лалын босогчдын “Лалын улс” бүлэглэлийн 300 орчим гишүүнийг баривчиллаа гэж “Анадолу” агентлаг мэдээллээ.

“Лалын улс” бүлэглэлийнхэн террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байна гэсэн мэдээллийн мөрөөр Туркийн цагдаа нар өнгөрсөн сарын 22-ноос хойш нууц ажиллагаа явуулснаар 283 сэжигтнийг баривчилсан байна. Баривчлагдсан хүмүүийн 96 нь Туркийн иргэн аж. Үлдсэн 187 нь ямар улсын иргэд болохыг мэдээлсэнгүй.

“Лалын улс” бүлэглэлийнхний лалын халифт улсын “нийслэл” гэдэг байсан Ракка хотыг саяхан Сирийн армийнхан чөлөөлж чадсан юм. Үүний дараа “Лалын улс” бүлэглэлийн нөлөө бүхий гишүүд болон тус бүлэглэлд элссэн гадаадын иргэд Сириэс Турк руу зугтсан гэж “Хьюман Райтс Вотч” ТББ мэдэгджээ. Босогчид Туркэд нөлөөгөө тэлж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна.

“Лалын улс”-ын хэт даврах үзлийн нөлөөнд автсан этгээдүүд Европ, Ази гэлтгүй дэлхийн хаа сайгүй халдлага, дэлбэлэлт үйлдэх нь нэмэгдсээр байна.

Г.Доржханд
Холбоотой мэдээ