Усан бассейныг ирэх сард улсын комисст хүлээлгэж өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-10-24 18:15:12
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн төвд олон улсын стандарт бүхий 25 метрийн урттай, 15 метрийн өргөнтэй, зургаан эгнээ замтай, 200 үзэгчийн суудалтай усан бассейн баригдаж байгаа. Бассейны барилгын ажил дуусч, дотоод заслын ажил хийгдэж, тоног төхөөрөмжийн угсралтын ажил хүлээгдэж байна. Тус усан бассейныг ирэх сарын 30 гэхэд улсын комисс хүлээж авах аж.

“Усан бассейны хувьд Итали улсын “Myrtha Pools” фирмийн металл хийцийн байгууламжтай. Манай улсад зургаан замтай бассейн байдаг ч энэхүү металл хийцтэй нь Монголд анхных. Өнгөрсөн хавраас эхэлсэн усан бассейны ажил ерөнхийдөө дуусах шатандаа орсон. Энэ ажил нэмэлт гэрээгээр, улсын төсвийн 166,5 сая төгрөгийн өртөгөөр хийгдэж байна. Үүнийг орон нутгийн Дөрвөлж компани гүйцэтгэж байгаа. 10 сарын 30 гэхэд инженерийн шугам сүлжээний ажлыг хүлээлгэж өгнө, ингээд ирэх сард улсын комисс хүлээж авна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Усан бассейн ашиглалтанд орсоноор фитнесс, вип саун, аэробик, иог, спиннинг дугуй зэрэг чийрэгжүүлэлтийн үйлчилгээг иргэдэд давхар үзүүлэх юм. Тиймээс үүнийг усан спорт, чийрэгжүүлэлтийн төв гэж ойлгож болно...” хэмээн аймгийн Биеийн тамир спортын газрын мэргэжилтэн Ч.Энхтөр хэллээ.

Энэхүү усан бассейн нь зүүн бүс болон орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн боловсрол, чийрэгжүүлэлтийн үйлчилгээг цогцоор нь шийдсэн томоохон бүтээн байгуулалт болж байгаа юм. Уг усан бассейныг 3,8 тэрбум төгрөгөөр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сайн констракшн ХХК, Жи Эм Эн ХХК-иуд гурван жилийн хугацаатай гүйцэтгэж байна.

Усан бассейн болон чийрэгжүүлэлтийн төвд шаардлагатай тоног төхөөрөмж болон бусад хэрэгслүүдийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймаг буцалтгүй тусламжаар өгч байгаа юм.
Т. Одончимэг
 
Холбоотой мэдээ