Сургууль, дотуур байрныхаа сурагчдыг цэвэр усаар хангах боломжтой болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-10-19 10:36:04
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Уулбаян сумын Ерөнхий боловсролын сургуулийн хамт олон худагтаа цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулжээ. Орон нутгийн хөгжлийн сангийн 8,6 сая төгрөгийн дэмжлэгтэйгээр тус ажлыг хийсэн байна.

Хөдөө орон нутгийн сургууль, цэцэрлэгүүд ихэнх нь дэргэдээ гүний худагтай байдаг. Сургуулийн гал тогоо болон дотуур байрны сурагчид тус худгаас хэрэглээний усаа авдаг. Харин ус нь эрүүл ахуйн шаардлага хангасан байх ёстой. Энэ нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор дээрх төхөөрөмжийг тавьжээ.

“Манай сургууль 400 орчим сурагчтай, дотуур байранд маань 25 хүүхэд амьдардаг. Бид энэхүү төхөөрөмжийг суурилуулснаар хүүхдүүдээ эрүүл ахуйн шаардлага хангасан, цэвэр усаар хангах боломжтой боллоо. Мөн манай сургуулиас гадна ойр орчмын айл өрхүүд ч хэрэглэх боломжтой юм. Энэ худаг манай харъяанд ирээд дөрвөн жил болж байна. Анх худгийн усыг шинжлүүлэхэд хатуулаг ихтэй, гэхдээ ахуйд хэрэглэх боломжтой гэж хариу гарсан. Ус бол хүний хамгийн чухал хэрэглээ шүү дээ. Тиймээс бид худгийнхаа усыг цэвэршүүлдэг болох ёстой юм байна гээд сумынхаа засаг даргад хандаж ийнхүү асуудлаа маш түргэн хугацаанд шийдвэрлүүлж чадсанд баяртай байна. Цэвэршүүлэх төхөөрөмжтэй болсонтой холбоотойгоор манай хамт олон өөрсдийн нөөцийг ашиглаад худгаа дулаалж, засварласан. Одоо худаг хэвийн ажиллагаандаа ороод байна...” гэх мэдээллийг сургуулийн захирал З.Эрдэнэчимэг өглөө.
Т. Одончимэг 
Холбоотой мэдээ