“Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай” аян 14340 амьтны амь аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunzaya@montsame.mn
2017-10-18 16:14:39
Улаанбаатар/МОНЦАМЭ/. БОАЖЯ, Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Хөвсгөл, Увс аймгуудад “Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай-3” аяныг өрнүүлжээ.

Энэ талаар тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн Н.Жамъянхүү ярихдаа, "Хүүхдийн санаачилга, оролцоотой эхэлсэн хавх хураах аян гурван жил үргэлжиллээ. Дээрх хугацаанд нийт 1434 хавх хурааснаар жилд 14340 амьтны амь аварлаа. Анх 2015 онд Ховд аймгийн Эко клубийн сурагчдын дунд эл аяныг зохион байгуулж, Ховд аймгийн Жаргалант хайрхан ууланд хавханд орсон ирвэсний дүрс бичлэг автомат камерт бичигдсэнээс үүдэн тус аяныг улсын хэмжээнд өрнүүлэхээр болсон юм. Буугаар ан хийхийн оронд хавх тавих нь хууль хяналтынханд баригддаггүй. Тиймээс хавханд нэн ховор амьтад өртөж бэртэх, үхэж үрэгдэх тохиолдол их гарсан. Үүнийг таслан зогсоох зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сан, БОАЖЯ хамтран албан ёсоор 2015 онд хавх хураах аяныг өрнүүлж эхэлсэн.
Аяны дүнг зөвхөн хурааж авсан хавхны тоогоор гаргадаггүй. Хураасан хавхны тоо болон тухайн аймгийн байгаль орчны газраас явуулсан сургалт, сурталчилгааны ажлын үр дүнг үндэслэдэг. Энэ жилийн аянд нэгдүгээр байрт Баян-Өлгий аймаг орсон бөгөөд 332 хавх хурааж тэргүүлэв.  Харин  хоёрдугаар байрт 229 хавх хураасан Увс аймаг, гуравдугаар байрт 100 хавх хураасан Ховд аймаг шалгарч, тус бүр  мотоциклиор шагнуулсан. Харин Говь-Алтай аймаг 80, Завхан аймаг 34, Хөвсгөл аймаг 20 хавх хураасан дүнтэй аяны хаалтын арга хэмжээнд оролцлоо. Нийт дүнгээр энэ жил дээрх аймгууд 792 хавх хурааж ан, амьтан үрэгдэхээс сэргийллээ. Аймгуудын хувьд хавх хураах аянд өмнөх жилүүдээс илүү идэвхтэй оролцов. Нэг хавхны цаана 10 амьтны амь байдаг" гэв.
Хавх хураах аян өрнүүлснээс хойш 2016 онд 514 хавх хураан авч, 6 сая төгрөгийн торгууль ногдуулсан байдаг. Мөн Гаалийн ерөнхий газраас гаргадаг хориглосон барааны жагсаалтад хавхыг багтаавал үүнээс илүү үр дүн гарах боломжтой гэдгийг орон нутгийн удирдлагууд онцолж байна.

Б.Заяа
Холбоотой мэдээ