Сэргээгдэх эрчим хүчний төлбөр 50 хувиар нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-10-10 20:32:39
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлагуудын дарга нарын ээлжит шуурхай хуралдаан болж, уламжлал ёсоор Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд ирсэн иргэдийн өргөдөл, гомдлыг хэлэлцлээ.

Өнгөрөгч долоо хоногийн байдлаар 7032-1111 утсанд 33 иргэн хандсан байна. Үүнээс 12 иргэн төрийн үйлчилгээтэй холбоотой мэдээлэл, тодруулга авахыг хүссэн бол 21 иргэн асуудал дэвшүүлсэн гомдлын шинжтэй өргөдөл ирүүлжээ. Иргэдийг бухимдуулсан асуудлын дийлэнх нь Арвайхээр сумын ЗДТГ-тай холбоотой байв. Тухайлбал удаа, дараа яригдаж байгаа нохой устгал, төв бараан захын хаалга солих, мөнгө хураагчийн байрыг тохижуулах, орцны гэрэлтүүлгийн талаар дахин хөндөгдсөн байна. Эдгээр асуудалд дорвитой анхаарна гэдгээ сумын Засаг дарга хэллээ.

Мөн цахилгааны мөнгө нэмэгдсэн гэх гомдлыг иргэд ихээр ирүүлсэнтэй холбогдуулан Эрдэнэт Булган Цахилгаан Түгээх Станц ТӨХК-ийн холбогдох мэргэжилтэн мэдээлэл хийв. Сэргээгдэх эрчим хүчний тариф  квт нь 4 төгрөг авдаг байсан бол 7,93 төгрөг болж нэмэгдсэн нь айл өрхийн эдийн засагт мэдэгдэхүйцээр нөлөөлж байгаа аж.
 
Хуралдааны төгсгөлд аймгийн Цагдаагийн газраас хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах аяны хүрээнд хийгдэж буй ажлын талаар товч мэдээллийг хүргэлээ.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ