Нийслэл орон сууцны мэдээллийн сантай боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-10-06 11:40:41
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн орон сууцны корпорацийн дэд захирал А.Энхманлай өнөөдөр "Нийслэлийн орон сууцны мэдээллийн сан"-тай болсон талаар Нийслэлийн удирдах ажилтны хуралдаанд танилцууллаа.
Мэдээллийн сан байгуулснаар орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн бодит мэдээллийг бүрдүүлэхийн зэрэгцээ иргэдийн орлогод нийцсэн орон сууц, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг ил тод, шударга зохион байгуулахад ашиглагдах юм байна. Мөн бага дунд орлоготой иргэд болон төрийн албан хаагчдын орон сууцтай холбоотой хүсэлтийг цахим орчинд түргэн шуурхай бүртгэлжүүлэн төсөл хөтөлбөрт хамруулах, орон сууц борлуулах, түрээслэх аж ахуйн нэгж, иргэдийн мэдээллийг нэгтгэж холбох юм. Иргэд энэхүү мэдээллийн санд хандаж тусгай хэрэглэгч болсноор орон сууцны бодит судалгаанд суурилсан эрэлт, нийлүүлэлтийн статистик мэдээ, түрээсийн орон сууцны нэгдсэн мэдээлэл, газар, дэд бүтцийн байршлын мэдээлэл зэрэг статистик мэдээлэл гаргагч эх үүсвэрүүдээс авах боломжит мэдээллүүдийг нэгдсэн байдлаар авах боломжтой аж.
Иргэдийн хувьд нийслэлийн орон сууцны мэдээллийн сангийн www.nosk.ub.gov.mn хаягаар хандан бүртгүүлж хэрэглэгч болох юм. Ингэснээр иргэд хаана ямар төсөл хөтөлбөр хэрэгжиж, ямар орон сууц ашиглалтад орсон зэрэг нийлүүлэлтийн мэдээллийг дүүрэг, хороо зэргээр нарийвчлан харах боломжтой юм. Мөн орон сууцтай болохыг хүссэн иргэдийн цахим судалгаанд хамрагдсанаар орлогод нийцсэн, хямд, чанартай орон сууцанд хамрагдах боломжтой болно гэдгийг НОСК-ийн удирдлагууд тодотгож байлаа.
Холбоотой мэдээ