Архангай аймагт алслагдсан сумын иргэдэд үйлчлэх сувилагчийн пост байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-10-04 18:10:32
Архангай /МОНЦАМЭ/. “Монголын гэр бүлийн тогтвортой хөгжил нийгэмлэг” төрийн бус байгууллагаас санаачлан Архангай аймгийн алслагдсан сумын ард иргэдэд цаг алдалгүй эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сувилагчийн постыг Цахир сумын төвөөс 70 км-ийн зайтай газар байгууллаа.
Цахир сум нь аймгийн төв Цэцэрлэг хотоос 250 км алсад байрладаг бөгөөд Улаанбаатар хотоос автомашинаар сувилагчийн пост байрлах газрыг зориход 13 цаг шаардагддаг. Цахир суманд байгуулсан  тус постоор тус сумын болон ойр орчмын бүсийн 200 гаруй малчин айл өрх  үйлчлүүлж эхлээд байна.

Тус суманд шилжин суурьшиж буй малчин айл өрхүүдийн тоо өсч байгаагийн зэрэгцээ сумын эмнэлгийн тоног төхөөрөмж хүрэлцээ муутай учраас тус сумын ард иргэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээнд хамрагдахад хүндрэлтэй байгаа аж. Харин уг сувилагчийн пост нь цусны даралт хэмжигч аппарат, тариа хийх эмнэлгийн багаж хэрэгсэл, хөнгөн бэртэл гэмтлийг эмчлэхэд шаардлагатай эмнэлгийн багаж болон эм бэлдмэл, иргэдэд эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхэд ашиглах нэг мотоцикль зэрэг багаж тоног төхөөрөмжтэй юм. Уг сувилагчийн постон дээр ажиллаж буй сайн дурын эмнэлгийн мэргэжилтэн нь дээрх эмнэлгийн тусламжийг үзүүлэхээс гадна жирэмсэн эхчүүдийг жирэмсний хяналтанд авч, төрөхийн өмнөх болон төрсний дараах нярайн асаргааны талаар зөвлөгөө өгөх ажээ.

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар нь өнгөрсөн онд “Монголын гэр бүлийг тогтвортой хөгжил нийгэмлэг”-т дэмжлэг үзүүлэн, Завхан аймгийн алслагдмал сумын нутаг дэвсгэрт сувилагчийн пост байгуулсан. Уг сувилагчийн постын үйл ажиллагаа үр өгөөжтэй байгаа тул энэ онд тус нийгэмлэгт дэмжлэг үзүүлэн, Архангай аймагт дахин нэг сувилагчийн пост байгуулахаар шийджээ. Үүний зэрэгцээ ирэх онд бусад аймгуудад энэхүү өндөр ач холбогдол бүхий сайн санааны үйл хэргийг үргэлжлүүлж, зуны улиралд Тайванийн эмнэлгийн багийг Монгол оронд ажиллах үеэр дээрх сувилагчийн пост дээр ажиллуулахаар төлөвлөж байна. 

Б.Гэрэлт-Од
 
   
 
Холбоотой мэдээ