Индонез улсын Агунг галт уул дэлбэрэх аюултай байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
sarnai@montsame.mn
2017-09-26 13:40:35
ЖАКАРТА. /Би-Би-Си/. Индонез улсын аялал жуулчлалын Бали арал дээр байрладаг идэвхтэй галт уул дэлбэрэх аюултай үе шатандаа ирээд байна гэж анхааруулсаар байгаа билээ.

Агунг ууланд галт уулын идэвхжилийн дохио чичиргээ олон зуун удаагийн давтамжтайгаар бүртгэгдсэн байна. Гэвч чухам яг хэдийд дэлбэрэх тухай урьдчилан таамаглах боломжгүй байна гэж тус улсын албаны хүмүүс мэдээлж байна.

Тус уулын ойролцоо амьдардаг 57 мянга гаруй хүнийг орон гэрээс нь нүүлгэн шилжүүлж, орчин тойронд нь өндөржүүлсэн бэлэн байдал тогтоогоод байгаа юм.

Индонезийн Байгалийн гамшгийн хамгаалах албаны төлөөлөгч Сутопо Пурво Нугрохо сэтгүүлчдэд хэлэхдээ “Галт уулын идэвхжил улам ихсэж, чичиргээ нь улам ойрхон давтамжтайгаар мэдрэгдэж байна” гэжээ.

Үндэсний галт уул судлалын төвийн мэдээлснээр, зөвхөн даваа гарагт 560 гаруй чичиргээг илрүүлсэн байна. 8 дугаар сарын сүүлээр бага бага чичиргээ мэдрэгдэх болсон аж. Ойрын өдрүүдэд галт уул маш идэвхжиж байгаа бөгөөд Индонезийн эрх баригчид галт уулын эргэн тойрны тосгоны ард иргэдэд сэрэмжлүүлэг хүргэн, нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлжээ. Орон нутгийн удирдлагууд галт уулын ойр орчим 12 км газарт амьдардаг иргэдийг нүүлгэн шилжүүлэхийг шаардсан тул мянга мянган хүн хотын захиргааны барилга, сургуульд түр толгой хоргодож байгаа юм. Гэвч зарим оршин суугчид мал ахуйдаа санаа зовнин нүүхээс татгалзаж байгаа бол зарим нь өдрийн цагаар эргэн ирж тариа буудай, мал ахуйгаа арчилсаар байгаа гэнэ.

Индонез улсад идэвхтэй 130 галт уул байдгийн нэг нь Агунг галт уул ажээ. Индонез нь галт уулын дэлбэрэлт болон газар хөдлөлтөнд хамгийн их өртөх магадлалтай Номхон далайн хамгийн аюултай тойрогт оршдог арлын орон юм.
 
Х.Сарнай 

 

Холбоотой мэдээ