Хүүхдүүд хуучин номоороо шинэ ном худалдаж авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-09-25 14:03:40
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Скаутын зөвлөлөөс “сурагч таны хуучин ном бусдад хэрэгтэй” нэртэй хуучин ном цуглуулах, борлуулах аяныг явуулж байна. Тэд энэ аянаар сурагч та хуучин номоо яах вэ,  шинэ ном хэдээр авах бол гэсэн асуултыг хүүхэд бүрт тавьж эх дэлхийгээ хайрлаж тогтвортой зөв дадал бий болгох, эдийн засгаа хэмнэх боломжийг олгожээ.
Сурагчдыг судалж дууссан номоо борлуулаад судлахаар төлөвлөсөн хуучин номыг зах зээлийн үнээс хямдаар авах нь эдийн засагт хэмнэлттэй. Хаягдал цаас дахин боловсруулах явц муу манай орны хувьд сурагчдын энэ алхам эх дэлхийгээ хамгаалж буй томоохон алхам болно гэдгийг зохион байгуулагчид ухуулан сурталчилжээ. Аяны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас энэ сарын 5-15 хооронд 3000 орчим номыг цуглуулж энэ сарын 16-наас эхлэн хямд үнээр борлуулж эхэлжээ. Эдгээр цугларсан номноос 1-12 ангийн хичээлийн сурах бичиг, IQ-ийн номнууд, төрөл бүрийн уран зохиолын ном, үлгэрийн ном, ЭЕШ-нд бэлтгэх номнууд, сургалтын материал гээд 1000-д нэр төрлийн номыг өнөөдрийн байдлаар худалдаалжээ. Үнийн хувьд сурах бичиг 1000-3000 төгрөг, ЭЕШ-ын ном 3000-6000 төгрөг, уран зохиолын ном 5000-20000төгрөгний хооронд худалдаалсан байна. Аяны хүрээнд цугларсан номнуудыг бүртгэлжүүлж борлуулагдсан номныхоо үнийг сурагчид өөрсдөө авч ахиж өөрт хэрэгтэй номыг худалдан авахдаа зориулж байгаа. Скаутын зөвлөлөөс хүүхдүүдэд зуучлах, чиглүүлэх үүрэг оролцоотой ажиллаж байгаа хэмээн Завханы скаутын зөвлөлөөс мэдээлэв.
Б.Мягмарсүрэн 
Холбоотой мэдээ