Завханы гар урчуудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Эрдэнэтэд борлуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Баруун бүсийн тулгуур төв, Хангайн бүсийн тулгуур төв Орхон аймагтай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ.
Энэхүү гэрээнд хоёр аймгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэдийнхээ амьдрал ахуйг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, төсөл хөтөлбөрүүд дээр хамтран ажиллах, хоёр аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, байгууллага аж ахуйн нэгжүүдийн хооронд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тусгажээ. Аймгийн Засаг дарга Д.Батсайхан, ИТХ-ын дарга Ц.Балхярваагаар ахлуулсан 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Орхон аймагт ажиллах хугацаандаа Завхан аймгийн нутгийн зөвлөл, иргэдтэйгээ уулзаж, Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театрын 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг тоглолт хийж, 20-р зууны манлай бүтээн байгуулал болсон Эрдэнэт үйлдвэртэй танилцаад иржээ.
Эрдэнэт үйлдвэр Завхан аймагтай хамтран ажиллана

Завхан аймгийн ИТХ, захиргааны байгууллагын төлөөлөгчдийг уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хүлээн авч уулзлаа.
Тэрээр Эрдэнэт үйлдвэрийн анхны Монгол захирлаар Завхан аймгийн уугуул, МУ-ын хөдөлмөрийн баатар, техникийн шинжлэх ухааны доктор Шагдарын Отгонбилэг үр бүтээлтэй ажилласныг дурьдаад одоо ч тус үйлдвэрт Завхан аймгийн уугуул удирдлагууд, олон арван инженер, техникийн ажилтан ажиллаж байгааг онцоллоо. Түүнчлэн Завхан, Орхон аймгууд өөр өөрийн давуу тал, онцлогт тулгуурлан хамтран ажиллахад Эрдэнэт үйлдвэр дэмжлэг үзүүлж ажиллана гэдгээ илэрхийлсэн юм. Ийнхүү Завхан аймаг, Орхон аймагтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу эхний ээлжинд Завхан аймгийн гар урчуудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр сар шинийн баярын өмнө Эрдэнэт хотод үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан Медипас эмнэлэгтэй хамтран ажиллаж алсын зайн оношилгоо шинжилгээг хийхээр боллоо. Энэ мэтээр ард иргэдийн амьдралд үр өгөөжөө өгөх олон бодит ажлыг зохион байгуулах төлөвлөгөө гаргаж хамтран ажиллах юм.
Завханы нутгийн зөвлөлийнхөн сан байгуулжээ

Орхон аймаг нь 100.0 гаруй хүн амтай, үүнээс 30 орчим мянга нь Завхан аймгийн уугуул оршин суугчид байдаг байна. Тиймээс ч хоёр өдрийн турш “Уурхайчин соёлын ордон”-д тоглосон нутгийнхаа уран бүтээлчдийн тоглолтыг дүүрэн үзэгч үзжээ.
1992 онд төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ш.Отгонбилэг агсны санаачлагаар 21 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан Орхон аймаг дахь Нутгийн зөвлөл 25 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд Завхан нутгийн хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулж, Эрдэнэт хотод ажиллаж амьдарч байгаа Завханчуудаа дэмжин ажилласаар иржээ. Тэд нутгийнхаа нэр хүндийг өндөрт өргөж, салбар бүртээ түүчээлж байгаа аж. Нутгийн иргэдийн уулзалтын үеэр Эрдэнэт үйлдвэрийн Эдийн засгийн хэлтсийн дарга, эдийн засгийн ухааны доктор Д.Галбаатар хэлэхдээ: “-Эрдэнэт үйлдвэр болон энд ажиллаж байгаа Завханчууд уул уурхайн чиглэлээр өндөр түвшинд мэргэшсэн. Завхан аймаг ч алтны орд, алмазын орд гээд байгалийн баялаг ихтэй нутаг. Тиймээс баялагаа ашиглаж төрөлх нутгаа хөгжүүлэх, үр хойчдоо ашигтай хэлбэрээр хамтарч ажиллахад хувь нэмрээ оруулахад бэлэн байна. Мөн Монгол орон төдийгүй Ази тивийг ивээж байдаг Богд Очирваань Отгонтэнгэр хайрхан ууланд хэнийг ч авируулахгүй хамгаалж, орчин тойрныг нь тохижуулах ажилд хамтран ажиллах хүсэлтэй байна” гэв. Мөн үеэр Завхан аймгийн уугуул, Чин Сүжигт Номун ханы хойд дүрийн хувилгаан, СГЗ, Орхон аймгийн “Монгол уншлагат” хийдийн хамба З.Гончигжав Орхон аймаг дахь Нутгийн зөвлөлдөө өөрийн нэрэмжит 50 сая төгрөгтэй “Мөнхийн сан” байгуулж өгчээ. Үүнээсээ жил бүр найман сая төгрөгийн хүүгээр нь Завхан нутгийнхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг шагнаж урамшуулах тухайгаа дуулгав.
Б.Мягмарсүрэн