ОБЕГ-ынхан Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Монголын мэдээ | Хууль
mn_tuul@montsame.mn
2015-11-09 16:10:08

Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн бэлтгэл ажлыг хангуулахаар ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллаж байна.

Хурандаа Б.Ууганбаяр өнөөдөр Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбаттай уулзлаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн орон нутгийн бүх шатны удирдлага, гамшгаас хамгаалах албадын удирдах бүрэлдэхүүнд гамшгаас хамгаалах менежментийн мэдлэгийг дээшлүүлэх, орон нутгийн төрийн болон мэргэжлийн байгууллага, хувийн хэвшил хоорондын харилцан ажиллагааг жигдрүүлэх, нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлэн байдлыг шалгаж үнэлэх, гамшгийн аюулын тухай эрт сэрэмжлүүлэх зарлан мэдээллийн дадлага хийхэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.

Мөн аюул, осол тохиолдсон үед аврах, хор уршгийг арилгах үйл ажиллагаанд гарах хүндрэл бэрхшээлд аймаг, орон нутгийг илүү бэлтгэлтэй болгох, эмзэг байдал, эрсдэлийг тодорхойлох, тулгамдаж байгаа бэрхшээлийг шийдвэрлэхэд холбогдох албан тушаалтнуудад дэмжлэг үзүүлэх юм.

Гамшгаас хамгаалах команд штабын сургууль энэ сарын 10-11-нд болно.

Б.Туул

Холбоотой мэдээ