Цалинг ур чадвар, гүйцэтгэл, мэргэшлийн зэрэгтэй уялдуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
Төсөлд хөдөлмөрийн харилцаанд тулгамдах болсон тодорхой асуудлуудыг тусгасан байна. Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойшхи хөдөлмөрийн харилцааг зохицуулж байгаа нь хуулийн хамрах хүрээг явцуу болгож, ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй ажиллуулах, ажилтан эрхээ эдэлж чадахгүй хохирох тохиолдол цөөнгүй байна. Иймээс хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинж бий болсон цагаас хөдөлмөрийн харилцаа үүссэнд тооцож байхаар төсөлд тусгажээ.
Мөн төсөлд тухайн ажилтны хөдөлмөрийн харилцаан дахь суурь эрхийг зааж, ажил олгогчийн өмнө зайлшгүй хүлээх үүргийг нарийвчлан тусгасан байна. Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх хугацааг богиносгож, аль болох анхан шатанд нь шийдвэрлэх боломжийг бүрдүүлэх, маргааныг зохицуулах байгууллагын бүтцийг оновчтой байхаар шинэчлэн найруулжээ.
Хөдөлмөр эрхлэх нөхцөлтэй холбоотой асуудлаар ажилтан, ажил олгогч байгууллага харилцан тохиролцох боломжийг бүрдүүлсэн байна. Мөн цалин хөлсийг ур чадвар, гүйцэтгэл, мэргэжлийн зэрэгтэй нь уялдуулж тухайн ажилтан мэргэших, бүтээмжээ дээшлүүлж байх сонирхлыг бий болгохыг зорьжээ.
Уул уурхай, ашигт малтмалын салбарт гэрээсээ алс газар тогтмол хугацаанд ажиллаж байгаа хүний ажил, амралтын цагийг тусгайлан зохицуулж байх зэргийг тусгасан байна.
Сүрьеэгийн тасгийн ажилтнуудад 30 хувийн нэмэгдэл олгоно
Засгийн газрын 2012 оны “Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, мөнгөн урамшил олгох журам батлах тухай” 150 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт орууллаа. Ингэснээр эрүүл мэндийн байгууллагын Сүрьеэгийн тасагт ажиллаж байгаа ажилтнуудад үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх нэмэгдлийг тухайн албан тушаал хашиж байх хугацаанд нь сар бүр олгохоор болж байна. Нэмэгдлийг энэ сарын нэгний өдрөөс эхлэн төсвийн багцдаа багтаан олгохыг холбогдох сайдын үүрэг гүйцэтгэгч нарт даалгав.
Улсын хэмжээнд 105 их эмч сүрьеэгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа нь байвал зохих орон тооноос 61-ээр дутуу гэсэн үг юм. Сүрьеэгийн салбарт ажиллагсад халдвар авах өндөр эрсдэлтэй нөхцөлд байдаг бөгөөд өвчлөх, нас барах тохиолдол бусад мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдтэй харьцуулахад их байгаа нь судалгаагаар тогтоогджээ.
Казахстан, Киргизстан зэрэг улс сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүддээ ижил түвшний эмч нарынхтай харьцуулахад 190, олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмч нартаа 220 хувиар илүү цалин өгч сүрьеэгийн тархалтыг бууруулж амжилт олжээ.