М.Баярбаатар: Шаамар сумын ЗДТГ-ын байр сүйрлийн ирмэгт байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-09-18 09:08:33
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашилж буй энэ цаг үед Сэлэнгэ аймгийн иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд бүгд л өвөлжилтийн бэлтгэл ажлаа базаан бэлтгэлээ хангаж байна. Сэлэнгэ аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах талаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга аль хавраар захирамжаа гарган үүрэг чиглэлийг тодорхой өгсөн байгаа.

Энэ үүрэг чиглэлийн дагуу сумдын Засаг дарга нар захирамжлан ажлын хэсэг гарган өвөлжилтийн бэлтгэл ажилдаа шуурхайлан оржээ. Энэ жил Сэлэнгэ аймгийн нийт нутаг дэвсгэрийн 30-аад хувьд гандуу, 20 гаруй хувьд гантай, бусад хувьд хэвийн үзүүлэлттэй байгаа. Өнгөрсөн 7 дугаар сард буюу Үндэсний их баяр наадмын өдрөөр тус аймгийн Шаамар суманд байгалийн онц аюултай үзэгдэл болж ихээхэн хэмжээний хохирол учирсан юм. Энэхүү хохирлыг хэрхэн барагдуулсан хийгээд тус суманд өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж буй талаар сурвалжлахаар Шаамар суманд очиж ажилласан юм. Ингээд тус сумын Засаг дарга М.Баярбаатартай ярилцсанаа хүргэе.

-Сайн байна уу, та. Сайхан намаржиж байна уу? Танай суманд тохиолдсон байгалийн гамшигт үзэгдлийн улмаас үүссэн хохирлыг хэрхэн барагдуулж байна. Бодит байдал дээр сумын ЗДТГ-ын дээвэр засагдаагүй хэвээрээ харагдаж байх чинь. Ойрын өдрүүдэд нэлээд их усархаг бороо орлоо. Дээврийн асуудал улам бүр гүнзгийрч бүр бүхэл бүтэн байрны засварын асуудал яригдахаар болж байгаа бололтой. Энэ байдал хэрхэн шийдвэрлэгдэж байна вэ?
-Сайхан намаржиж байна аа? Манай суманд өнгөрсөн 7 дугаар сарын 11-ний өдөр байгаль цаг уурын онц аюултай үзэгдэл болж, сумын хэмжээнд  төр төсвийн 5 байгууллага, зарим иргэдийн тариалсан ногооны талбай өртсөн. Үүний улмаас байгууллагуудын дээвэр, цонх, хаалга хагарч, ургаа мод булгарч унах, тарьсан ургамал урсах зэрэг онц аюулт үзэгдэл болсон. Үүний улмаас тухайн байгууллагууд хэвийн ажиллах, төрийн үйлчилгээг үзүүлэхэд маш хүндрэлтэй болж, ажиллах боломжгүй болсон байгаа. Бид хэвийн нөхцөл байдалд оруулахын тулд дээд шат шатны байгууллагад хандсан. Өнгөрсөн 7 хоногт Засгийн газрын хуралдаанаар манай энэ гамшгийн хохирлын төсөв хөрөнгийг шийдвэрлэсэн байгаа. Энд нийтдээ 190-ээд сая төгрөгийн хөрөнгө шийдвэрлэгдсэн. Энэ мөнгө бол сумын цэцэрлэг, сургууль, захиргаа зэрэг байгууллагуудын эвдэрсэн байдлын зардалд зориулагдах хөрөнгө. Одоогоор хараахан энэ зардал маань орж ирээгүй байна. Гамшиг тохиолдоод даруй хоёр сар өнгөрлөө. Одоо улам л хүйтэрч байна.
-Асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэсэн бол тэмээн дээр ямааны гарз гарахгүй байхаар байжээ дээ. Яагаад ийм байдалд хүрчих вэ? Хурдан шийдвэрлэж болохгүй байсан юм болов уу?
 
-Харамсалтай нь асуудлыг шийдэхгүй, шийдвэрлэх асуудалд дээрээ ч доороо ч хариуцлага алдаж байгаа асуудал байна. Ялангуяа манай аймгийн МХГ-ын холбогдох мэргэжилтнүүд дүгнэлт гаргаж өгөх ёстой байсан. Бид тухайн байгууллагад болсон нөхцөл байдлын талаар тодорхой албан тоотоор хандсан. Гэтэл энэ дүгнэлтийг саяхан гаргаж өглөө. Энэ мэт хариуцлагагүй ажил хажуугаар нь явж байна. Дээр нь хэлэхэд үнэхээр төрийн үйл ажиллагаа удаан байна. Ингэж удаан байгаагийн улмаас зөвхөн дээвэр эвдрээд зогсохгүй, энэ жил хур бороо элбэгтэй байгаагаас шалтгаалан, олон удаагийн давтамжтайгаар усархаг бороо орсны улмаас сумын ЗДТГ-ын байр сүйрлийн ирмэгт хүрч  үндсэндээ үйл ажиллагаа явуулах боломжгүй болж байгааг та бүхэн сая нүдээрээ харлаа шүү дээ. Бүр сүйрлийн хэмжээнд орсон гэж хэлэхэд болохоор байна.
 
-Үнэхээр хэцүүхэн байдалтай байгаад сэтгэл эмзэглэж байна. Гэхдээ төрийн ажил сааталгүй үргэлжилж байгаад талархъя. Танай сумын өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байна. Хэчнээн га-д улаан буудай болоод төмс, хүнсний ногоо тариалав. Шаамар сумыг төмс, хүнсний ногоогүйгээр төсөөлөхгүй биздээ?
-Сумын өвөлжилтийн бэлтгэл ажил ерөнхийдөө хийгдэж байна. Энэ жил аймгийн Засаг даргын 4 тоот албан даалгаврын хүрээнд сумын Засаг даргын захирамж гарч, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэвийн явуулахын тулд ажлын хэсэг гаргасан. Тэд хадлан тэжээл бэлтгэх, ургац, ногоо хурааж авах, түлээ түлш, төр төсвийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлыг удирдлага зохион байгуулалтаар хангах, хэвийн явуулахад анхааран ажиллаж байна. Энэ жил манай сум нийтдээ 2000 гаруй га талбайд үр тариа тариалсан. Манайх үр тарианы хувьд бусад сумдыг бодвол харьцангуй бага тариалдаг. Хурааж авах ургацын маань га-гаас гарах хэмжээ 8.5 цн-ээр тогтсон байгаа. Бид энэ жил 1700 гаруй тонн үр тариа хурааж авна гэсэн тооцоо гаргасан. Мөн тосны ургамал рапсийг 800 гаруй га-д тариалсан, 800-гаад тонныг хурааж авна. Иргэд хадландаа гарсан. Цаг агаарын байдлаас шалтгаалаад жаахан удаашралтай явагдаж байна. Өнөөдрийн байдлаар хадлангийн 50 гаруй хувийг иргэд, малчид маань бэлтгээд байгаа. Төмс, хүнсний ногооны хувьд энэ жил 203 гаруй га-д тариалсан. Үүнээс байгалийн аюулт үзэгдлээс болж 70 гаруй га-гийн ургац алдлаа. Хүнсний ногооны ургац хураалт 50 гаруй хувьтай явж байна. Ерөнхийдөө энэ жилийн байгаль цаг агаар, хур тунадас өмнөх жилүүдээс их байгаа учир намрын ажил удаашралтай явж байна. Гэсэн хэдий ч бид үүнийг хурдлуулах ажилд удирдлага зохион байгуулалтаар хангаж, хүйтний улирал сэрүүн орохоос өмнө ажлаа амжуулахаар шамдаж байна даа.
 
-Шаамар сумыг зөгийн эх нутаг гэдэг. Зөгийчдийнхөө үйл ажиллагааг хэрхэн дэмжин ажиллаж байна. Танай суманд хэчнээн зөгийчид аж ахуй эрхэлж байгаа вэ?
-Сэлэнгэ аймаг төдийгүй Монгол Улсын зөгийн томоохон бүл манай суманд байдаг. Тиймээс ч манай суманд 200 гаруй өрх зөгийн аж ахуйг эрхэлж байна. Энд нийтдээ 3500 гаруй бүл зөгий бий. Энэ жил манай зөгийчдийн үйл ажиллагаа, бал хураалт сайн хийгдсэн. Бид зөгийчдийнхээ үйл ажиллагааг дэмжиж аймгийн Засаг даргын санаачилгаар ажлын айлчлал хийсэн улс орноор Сэлэнгэ аймгийнхаа аж ахуйг хөгжүүлэх, сурталчлах чиглэлд олон санаачилга гаргаж хөөцөлдсөний хүчинд БНТУ-ын хөрөнгө ТИКА төслийн хүрээнд өнөөдөр манай суманд 500 гаруй бүл зөгий өвөлжих өвөлжөөг барьж ашиглалтад оруулаад байна.
Манай зөгийнөөс гарч байгаа бүтээгдэхүүнийг гадаад улс оронд гаргах шийдвэрийг зөвхөн аймаг хөөцөлдөөд зогсохгүй, Засгийн газар, УИХ-ын түвшинд яригдаад Япон улсад экспортлохоор болж байгаа. Бид олон шугамаар хөөцөлдсөний хүчинд нөхцөл нь бүрдсэн. Гэвч өнөөдөр болтол гарсан үр дүнтэй шийдвэр хараахан гараагүй байна. Япон улстай хийсэн гэрээ харилцаандаа тусгасан учраас цаашид энэ ажил биелэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаа.
 
-2017 онд Шаамар суманд бүтээн байгуулалтын ямар ажлууд хийгдэв. Хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн талаараа дурдаач?
-Энэ 2017 онд манайд аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар нэлээд ажил хийгдлээ. Энд нийтдээ 150 гаруй сая төгрөгийн бүтээн байгуулалт хийгдсэн. Үүнээс онцолж дурьдах юм бол бид сургуулийн өмнөх боловсрол болох цэцэрлэгийнхээ өнгө үзэмжийг сайжруулах, ая тухтай орчинд сурч хүмүүжих нөхцөл боломжийг хангахын тулд сумынхаа хоёр цэцэрлэгийн гадна орчинг хашаалж, хүүхдийн тоглоомын гадна талбайг иж бүрэн тохижуулж, ая тухай орчин бүрдүүлсэн. Мөн энэ жил Охиндийн 2-р баг дээр 33 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хүүхэд, залуучуудынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх цогцолборыг барьж байгуулахаар зорьж байна. Түүнчлэн сумын төвийн гэрэлтүүлгийг сайжруулахад 20 гаруй сая төгрөгийн хөрөнгө зарцуулж 1, 2-р багийн гудамжнуудын гэрэлтүүлгийн ажлыг хийлээ. Мөн Дулаанхаан тосгонд явган замыг 7 сая төгрөгийн өртөгтэйгөөр хийсэн. Бас цэцэрлэг, сургууль, эмнэлэгт тодорхой хөрөнгө оруулалтуудыг бас хийгээд, шийдээд явж байна.  
 
Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ