Н. Ганхуяг: Хөмүүлийг давсалж даршлахаас өөрөөр олон хэлбэрээр амтлагч бэлдсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-09-16 20:37:35
Дундговь /МОНЦАМЭ/. Говь, тал хээрийн бүсэд элбэг ургадаг хөмүүлийг давсалж даршлаад өвөл,хаврын цагт хүнсэндээ хэрэглэдэг заншил Дундговь аймгийнханд бий. Ингэж даршлахаас гадна өөр хэд хэдэн төрлөөр хоол амтлагч бэлдсэн нь өнөөдөр эхэлсэн “Дундговь Түншлэл” үзэсгэлэн худалдаанд хэрэглэгчдийн сонирхлыг ихэд татаж байна. Үүнийг Гурвансайхан сумын Гурвансайхан багийн малчин Н. Ганхуягийнх бэлдэж иржээ.

- Сайхан намаржиж байна уу?
- Намаржаа сайхаан. Ургамал ногоо дэлгэрсэн сайхан зуншлагатай, малчин бид сэтгэл өег сайхан намаржиж байна.
- Та хөмүүлээр хийсэн бүтээгдэхүүнээ танилцуулаач? Хүмүүс ихэд сонирхож байна?
-  Яахав, уламжилж хэвшсэнээс ондоо хийсэн болохоор сонирхож байх шиг байна. Хөмүүлээр 6 төрлийн л амтлагч хийсэн. Хөмүүлийн даршийг хүмүүс ихэнхдээ давсалж хийдэг бол бид давслаагүй шар сүү болон оливын тосонд дарсан. Хөмүүлийг жижиглэж шүүсийг шахаад, вакус витаминых шиг жижиг хүрэн шилэнд шүүсийг нь савласан. Үүнийг цуу шиг хэрэглэхэд тохиромжтой. Шүүсийг нь шахсан хөмүүлийг далайн байцаа шиг хавтгайлж хатаагаад  чанасан мах, эсвэл цуйван, хуурга зэрэг хоёрдугаар хоолтой хэрэглэхэд зориулж бэлдсэн. Мөн аарцтай, аарцгүй 2 төрлийн сорс байна. Сорсыг манай ард түмэн дээр үеэс хийж ирсэн уламжлалтай.  Хатааж нунтагласан хөмүүлийг  шар тостой багсарч, шахмал маягаар савлаад бас хоол амтлагч хийсэн. Үхэр, тахианы махны амтлагч гээд жижиг шахмал амтлагч байдаг шүү дээ, үүнийг түүнээс санаа авч хийсэн юм.
- Бүтээгдэхүүнийг хэр удаан хугацаанд хадгалах боломжтой вэ?
-Ер нь хөмүүлийг зөв хадгалж чадвал жил илүү хадгалж болдог юм билээ. Гэхдээ эдгээр бүтээгдэхүүний савлагааны хэмжээг тийм ч ихээр хийгээгүй. Яг л хэрэглээнд нийцсэн хэмжээ гэж үзэж байгаа юм. Шүүс гэхэд вакусны шилний хэмжээтэй. Дарш урбанек салатны шилний хэмжээтэй. Шахмал амтлагч, сорс 50 орчим граммтай гэх жишээгээр...
- Энэ жил танай нутгаар хөмүүл хэр сайн ургав?
- Энэ зун наймдугаар сар гаргаж байж бороо орсон. Жаахан хожуудаж бороо орсон ч хөмүүл шим шүүслэг их сайхан ургасан. Хөмүүл бороо хургүй удахад яах ийхийн зуургүй хатаж гандчихдаг шүү дээ.
- Бүтээгдэхүүнээ ямар үнэтэй худалдаалж байгаа вэ?
- Хөмүүлийн шахсан шүүс 1000 төгрөг, даршилсан хөмүүл 4- 5 мянган төгрөгийн үнэтэй. Төд өд гэсэн хатуу үнэ тогтоохоос илүүтэй байгаль эхийн өгч байгаа ийм сайхан ургамал ногоог энэ мэтээр бэлдэж аваад хоол хүнсэндээ хэрэглэж болно шүү гэдгийг хүмүүст харуулах, санаа өгөх гэж л эдгээрийг хийсэн юм. Говьд амьдарч байгаагийнхаа хувьд бидний хэн нь ч хөмүүлийг  ингээд бэлдээд авчих боломж бий. Ер нь миний хувьд, “Дундговь Түншлэл”- ийг хөдөлмөрч нэгнээсээ суралцаж, санаа сэдэл авдаг, нэг үгээр хэлэхэд бие биеэсээ суралцдаг талбар гэж ойлгодог юм.
- Үзэсгэлэн худалдаанд жил бүр оролцдог уу?
- Тийм. Анх зохион байгуулсанаас хойш тасралтгүй оролцож байгаа. Манайх сүүн бүтээгдэхүүнээрээ хэд хэдэн удаа аймгийн шилдэг бүтээгдэхүүний шагнал авч байсан. Жил бүр л шинэлэг юм хийж ирэхийг зорьдог доо.
- Хөмүүлээс гадна өөр ямар бүтээгдэхүүнийг та сонирхуулах вэ?
-Сүүн чихэр хийсэн. Бас молоко. Эхнэр Д. Хорлоо маань тогооч мэргэжилтэй хүн болохоор малынхаа сааль сүүгээр өөрөө сэдээд янз бүрийн л хүнс хийдэг. Молоко бол үнэхээр амттай, өвөрмөц болсон. Өнгөрсөн жил бид шар сүүгээр царцаамаг хийж ирсэн. Бас л хүмүүсийн сонирхлыг татаж байсан.

Малчин Н. Ганхуягийнх 12 сар хүртэл ямаагаа сааж, өвөл, зуны алинд нь ч сүү цагаан идээгээ хийсээр байдаг гэлээ. Тэрээр өнгөрсөн хавар Монгол Улсын аварга малчны цол өргөмжлөл хүртсэн байна. Малчин хүн мал маллаж өсгөхөөс гадна экологийн цэвэр хүнс үйлдвэрлэгч байх ёстой гэж үздэг тул сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг тасралтгүй явуулдаг, үүгээрээ сум, аймагтаа үлгэр жишээ болдог малчдын нэг болжээ.

 Т. Отгонтуяа
Холбоотой мэдээ