Перу Умард Солонгосын Элчин сайдыг улс орноосоо хөөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-09-12 14:44:42
ЛИМА. /Америкийн дуу хоолой/. Цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахыг Пхеньянд дэлхий нийт удаа дараалан уриалсаар байгаа хэдий ч үл ойшоосоор байгаатай нь холбогдуулан Умард Солонгосын Элчин сайдыг Перу улс эх орноосоо хөөх шийдвэр гаргасныг “Америкийн дуу хоолой” агентлаг уламжиллаа.

Перугийн ГХЯ-наас даваа гарагт гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Умард Солонгосын  Элчин сайд Ким Хак Чолд Перу улсыг орхин гарах тав хоногийн хугацаа өгчээ.

Энэ сарын эхээр Умард Солонгос хамгийн хүчтэй цөмийн туршилт хийсэн билээ.

Перугийн мэдэгдэлд “Манай улс хэзээд аливаа маргааныг тайван замаар шийдвэрлэхийг хэзээд эрмэлзэхийн сацуу НҮБ-ын баталсан тогтоолуудыг “тууштай дагаж мөрдөх” болно” гэж онцлон дурджээ. Мөн Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахын тулд “байж болох бүх дипломат хүчин чармайлт”-ыг хэрэгжүүлэхээ Перу улс мэдэгдсэн байна.

Мексик улс мөн Умард Солонгосын Элчин сайдыг өнгөрсөн долоо хоногт улс орноосоо хөөсөн билээ.

Перугийн мэдэгдэлтэй холбоотойгоор тус улсын нийслэл Лима хот дахь Умард Солонгосын ЭСЯ одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
Г.Доржханд
 
 

 
Холбоотой мэдээ