Уул уурхайн төсөлд Засгийн газраас хөгжлийн төлөвлөгөө боловсруулж өгдөг байх хэрэгтэй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-09-08 10:16:51
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын 15 дахь удаагийн “Дисковер Монголиа” чуулган Блю скай зочид буудалд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Энэ удаагийн чуулга уулзалтаар  Монголын төрийн бодлого, уул уурхайн салбарын хөгжил, Монгол орны эрдэс баялгийн хайгуул, олборлолтын шинэ төслүүд болон манай улсын эдийн засагтай холбоотой сүүлийн үеийн мэдээллийг гадаадын хөрөнгө оруулагчдад хүргэж хамтран ажиллах санал солилцож байна.

Засгийн газраас уул уурхайн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, ил тод хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх замаар эрдэс баялгийн сан хөмрөгийг арвижуулан, эдийн засгийн тэнцвэртэй, олон тулгуурт бүтцийг бий болгох зорилт тавин ажиллаж байгааг УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал чуулганы үеэр онцлов.

Мөн “Эрдэнэс Монгол”  группийн Дэд захирал Г.Ганболд, “Манай групп өнгөрсөн онд түүхэндээ анх удаа ашигтай ажилласан. Энэ оны 6 дугаар сарын 30-ны байдлаар улсын төсөвт 190.1 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 298.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Ингэснээр Монгол хүн бүрт баялаг болж ирэх 1072 хувьцааг бүртгэлжүүлэх ажилд дэвшил гарч байгаа. Мөн Засгийн газрын 154-р тогтоолын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 65.19 хувь буюу 9 тэрбум 778 сая 500 мянган ширхэг хувьцааг 933 төгрөгийн нэрлэсэн үнээр санхүүгийн тайландаа бүртгэснээр өөрийн хөрөнгө 9.1 их наяд төгрөгөөр нэмэгдэх юм” гэлээ.

“Дисковер Монголиа” чуулган өнөөдөр “Орон нутгийн харилцаа, хамтын ажиллагаа” салбар хуралдаанаар үргэлжилж байна.

Орон нутагт уул уурхайн томоохон төсөл хэрэгжүүлэхэд Засгийн газраас хөгжлийн төлөвлөгөө боловсруулж өгдөг байх шаардлагатай гэдгийг хуралд оролцогчид онцолж байлаа. Өөрөөр хэлбэл, тухайн уурхай хэдэн жилийн хугацаанд олборлосон бүтээгдэхүүнээ зөөх автозам, төмөр зам барих, сумдад ямар хөрөнгө оруулалт хийх, нөхөн сэргээлтийг цаг тухайд нь хийх зэргийг Засгийн газраас нарийн төлөвлөж өгөснөөр орон нутагт хариуцлагтай уул уурхай хөгжих юм. Зөвхөн ашигт малтмал олборлох, ашиглах эрх олгоод хяналтгүй үйлдээснээр байгаль орчин сүйдэж байгаа юм. Тиймээс л орон нутагт зам тавих болохоор иргэд хадаг, сүү бариад ирдэг хэрнээ уурхай нээхэд ташуур далайдаг болоод байгаа юм. Харин уул уурхайг зөв хөгжүүлж, сумдыг хөгжүүлснээр энэ байдал өөрчлөгдөнө гэдгийг төлөөлөгчид хэлж байлаа.

Хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг нээх, хамтын ажиллагаа өрнүүлэх, компаниа гадаад, дотоодын зах зээлд сурталчлах зэрэг өргөн боломжийг олгож байгаа уг чуулга уулзалтад  250 гаруй гадна дотны төлөөлөгчид оролцож байна.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ