Цэцэрлэгийн хүртээмжийг 300 хүүхдээр нэмэгдүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-09-05 12:40:19
Өвөрхангай /МОНЦАМЭ/. 2017-2018 оны хичээлийн шинэ жил гурав дахь өдрөө үргэлжилж, сургуулийн үйл ажиллагаа жигдрээд байна. Өвөрхангай аймагт төрийн болон төрийн бус өмчийн 41 цэцэрлэгт 6600 гаруй бяцхан үрс, ерөнхий боловсролын 30 сургуульд 21,3 мянган сурагч багачууд сурч, 2300 гаруй эрдэмтэн багш ажлаа эхлүүлээд байгаа юм. Энэ хичээлийн жилд 6 настай 2382 хүүхэд 1 дүгээр ангид элсэн орж байна.

2017 онд Арвайхээр суманд 150 хүүхдийн шинэ цэцэрлэг, Хархорин сумын Шанх багт гэр цэцэрлэг, Хужирт сумын 2-р цэцэрлэгт 3 бүлгийн өргөтгөл баригдаж, Баянгол, Хархорин, Мэргэд сургуулийн ариун цэврийн байгууламжийг шинээр болон шинэчлэн тохижуулснаар цэцэрлэгийн хүртээмжийг 300 хүүхдээр нэмэгдүүлж, багш сурагчдын сурч, ажиллах орчин нөхцлийг сайжруулаад байгаа аж. Аймгийн Засаг дарга Г.Ганболд хичээлийн шинэ жилийн нээлтээр хэлсэн үгэндээ “Аймгийн Засаг даргын “Бүтээлч Өвөрхангай 2020” үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаж, ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан “Шатар”, “Адил боломж”, “Хүүхдэд ээлтэй орон нутаг”, “Олон нийтийн оролцоот сургууль” аймгийн хөтөлбөрүүд, БСШУСЯ болон аймгийн багш нарын бага хурлаас дэвшүүлсэн зорилт нэг бүрийг үр дүнтэй хэрэгжүүлж, өмнө хүрсэн амжилтаа бататган, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж, чанарыг сайжруулан, хүүхэд бүрийг хөгжүүлэх, төлөвшүүлэх эрхэм үйлсдээ арвин их амжилт олох” ерөөлийг өргөн дэвшүүллээ.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ