Архангай аймаг "Багшийн хөгжил" дэд хөтөлбөрийг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-08-26 10:22:01
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгүүдийн удирдлага, багш нар энэ сарын 25-27-ны өдрүүдэд аймгийн төвд 3 өдрийн турш сургалтад хамрагдаж, бага хурлаа хийж байна. Уг сургалт семинараар 2017-2018 оны хичээлийн жилд хэрэгжүүлэх сургалтын цөм хөтөлбөрийн агуулга, үйл ажиллагааны чиглэлээ тогтоох юм.

Сургалтад сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш нар нийлсэн 620 гаруй багш хамрагдаж байгаа бөгөөд сургалтыг Боловсрол, соёл урлагийн газар аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулж байгаа ажээ. Бага хурлын үеэр “Багшийн хөгжил” аймгийн дэд хөтөлбөрийн нээлтийг хийж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, багш хөгжлийн танхим байгуулах, багш нарын ажиллах нөхцөл боломжийг дээшлүүлэхэд дэмжлэг болгон аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан бүх сургууль, цэцэрлэг тус бүрт 1 сая төгрөгийн батламж гардууллаа.

Сургалтаар багш нарт “Багшийн ёс зүй”, “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх”, “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн асуудал” зэрэг сэдвээр хичээл зааж, хичээлийн агуулга, чиглэл тус бүрээрээ “бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга зүйн сургалт авах юм байна.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ