А.Гылымхан: Асгатын ордыг ашиглалтад оруулахаар холбогдох байгууллагуудад уламжилсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-08-24 11:41:08

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхантай Засаг даргын 2016-2020 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт болон цаг үеийн асуудлаар ярилцлаа. 


-Аймгийн Засаг даргаар томилогдоод нэг жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд мөрийн хөтөлбөрөө биелүүлэх чиглэлээр ямар ажлууд хийв?

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг үндэслэж аймгийн Засаг даргын 2016-2020 он хүртэлх үйл ажиллагааны үндсэн чиглэлийг баталсан. Бид хэдий хямралтай үед засаг төрийг авсан ч боловсрол, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, дэд бүтцийн салбарт олон ажил хийхээр төлөвлөөд байна. Аймаг маань өмнөх 4 жилийн үлдэгдэл 1,4 тэрбум төгрөгийн өртэй байсан. Гэхдээ эдийн засгийн байдал хүнд байгаа ч төлөвлөсөн ажлуудыг биелүүлэх болно. Тухайлбал, аймгийн төвд 1974 онд баригдсан Нэгдсэн эмнэлгийн асуудал байгаа. Анх баригдах үед аймгийн хүн ам 50 гаруй мянга байсан бол одоо 102000-д хүрээд байгаа. Тиймээс эмнэлгийн үйлчилгээний хүртээмж муу байна. Шинээр эмнэлэг барихаар барилгын зураг төсвийг гаргасан. Газрыг нь шийдэж, Эрүүл мэндийн  яам болон холбогдох газруудад уламжилсан байгаа. Ер нь 250 ортой эмнэлэг барихад 25 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдах юм байна. Үүнийг Засгийн газраас дэмжиж, Олон улсын төсөл хөтөлбөрөөр барихаар шийдсэн. Азийн хөгжлийн банк, Засгийн газарт асуудал тавьж, аймгийг тойрч гарах шинээр гүүр бариулахаар болсон. Өлгий сумын төвд 4 км замыг шинээр барьж байна. Энэ жилийн хувьд гэвэл эрүүл мэндийн салбарт 2,6 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалт хийж, бүх сумдын түргэний машиныг шинэчилсэн. Боловсролын салбарт 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө орууллаа.

 -Малчдын ахуй амьдрал  ямархуу вэ?  Тэдний өмнө тулгамдсан асуудлуудыг яаж шийдвэрлэж байна?

-Малчдын өмнө тулгамдсан олон асуудлууд байгаа. Бид малчдын санаа бодлыг сонсох, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор дөрөвдүгээр сард бүх сумын малчдыг оролцуулан «Малчдыг сонсъё» анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулсан. Зөвлөгөөний явцад малчдын өмнө тулгамдсан олон асуудлыг хэлэлцэж, цаашид шийдвэрлэх бодлогоо тодорхойлон ажиллаж байгаа. Ялангуяа бэлчээр болон хадлан авах хугацааг нарийвчлан тогтоох, малын гаралтай түүхий эд, сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах, мөн мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр барихаар төлөвлөж байгаа. Баруун таван аймгийн ноосыг угаадаг, мөн хивсний том үйлдвэр социализмын үед манайд байсан. Тэр үйлдвэр хувьчлагдаад одоо хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хөрөнгө оруулагчид, эзэдтэй нь хэд хэдэн удаа уулзаж, хамтарч ажиллах талаар ярилцсан. Мөн манай «Файнноос» үйлдвэр жилдээ 800 тонн ноос угаах хүчин чадалтай ч өнөөдөр 250 тонн ноос арай ядан цуглуулж байна. Улаанбаатар, Хятадын компаниуд ноосыг өндөр үнээр худалдан авч байгаа нь хүндрэл учруулж байгаа талаар эзэд нь ярьсан. Иймээс аймгийн 90 багт агент ажиллуулж, ноосны урамшуулал зарлах зэрэг менежментийн үйл ажиллагааг идэвхжүүлэх талаар хэлэлцэж байна. Хэрэв уг ажил амжилттай хэрэгжвэл ноосны үйлдвэрт 500-600 хүртэл хүнийг ажиллуулах боломж бий. Түүнчлэн ноосоо экспортлох, эцсийн бүтээгдэхүүн гаргах боломжууд ч бас байгаа.

-Үе үеийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Засаг дарга нарын үйл ажиллагааны хөтөлбөрт орсоор ирсэн Асгатын мөнгөний ордын талаар юу ярих вэ?

 -Асгатын мөнгөний орд бол манай улсын хамгийн том стратегийн ордуудын нэг. Тус стратегийн ордыг холбогдох дээд байгууллагуудад уламжилж, ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Стратегийн ач холбогдол бүхий "Асгатын мөнгөний орд"-ын мөнгөний нөөцийг 7369.8 тонн гэж тогтоосон нь Ашигт малтмалын газрын бүртгэлд байдаг байна. Асгатын уул нь мөнгөний нөөцөөр баялаг төдийгүй 227,436 тонн зэс болон бусад холимог металлыг бас агуулдаг байна. Тус газар нь стратегийн ордын жагсаалтад орсон тул үүнийг УИХ, Засгийн газар шийдэх ёстой.

 -Баян-Өлгий аймгийн бас нэгэн онцлог нь аялал жуулчлалын салбар. Аялал жуучлалын салбарыг хөгжүүлэх ямар бодлого баримталж байна?

 -Аялал жуулчлал бол манай улсад шинээр хөгжиж байгаа гол салбар юм. Энэ салбарыг улам хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх, орлого оруулах нь маш чухал. Ялангуяа, манай аймаг ОХУ, Хятад улсуудтай хил залгаа, байгалийн унаган төрхөө хадгалсан аймаг учраас жуулчид их ирдэг болсон. Аялал жуулчлалын компаниудын тоо ч олширч 40 давсан байгаа. Ирсэн жуулчид буудал, унаа, хоол унд гээд тодорхой хэмжээний мөнгө зарцуулж, манай иргэдийн амьдралд эерэгээр нөлөөлж байна. Манайд Алтай Таванбогд чиглэлийн аяллын маршрут бий. Мөн Толбо нуурын хөвөөнд аялал жуулчлалын компаниуд үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Цаашид ийм эко аяллуудыг хөгжүүлснээр ажлын байр бий болгоно гэж бодож байна. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр онгоцны нислэг, дэд бүтцийн асуудал, зочид буудлын хүрэлцээ, үйлчилгээг сайжруулах, анхаарах зүйл их байгаа.

 -Байгалийн сайхантай танилцахаас гадна казах түмний ёс заншилтай танилцах гэсэн дотоодын аялал жуулчлалын сонирхол нэлээд нэмэгдсэн юм шиг байна.

 -Тийм шүү. Ялангуяа "Бүргэдийн баяр", "Наурыз"-ын баярыг ирж сонирхдог дотоодын зочид төлөөлөгчид, гадаадын жуулчид олширсон гэж хэлж болно.

 -Баян-Өлгий аймагт ажиллаж амьдарч байгаа иргэдийн хөдөлмөр эрхлэх боломж, ажлын байр ямар байгаа вэ?

 -Манай аймагт хамгийн тулгамдсан асуудлын нэг бол ажилгүйдэл. Уг асуудлыг шийдвэрлэх ажлууд хийгдэж байгаа. Босоо тэнхлэгийн замын барилгын ажилд манай аймгаас 160 гаруй хүн ажилд орсон. Зам барьж байгаа компаниудад орон нутгаас ажилчин авах саналыг тавьж байна. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт ХАА-ын салбарыг хөгжүүлэх, мах сүүний үйлдвэрүүдийг барих асуудал орсон. Түүний дагуу энэ жил махны үйлдвэр баригдаж байгаа. Удахгүй ашиглалтад орно. Мөн Сагсай сумын нутагт томоохон талбайг усжуулж, хадлан тэжээл бэлтгэх ажил явагдаж байгаа. Алтанцөгц сумд малын тэжээл бэлтгэх том талбайг усалж, олон хүнийг ажилтай болголоо. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хандаж иргэдийг Япон улсад гаргаж ажиллуулахаар гэрээ хийсэн. Түүнчлэн Оюу толгой, Таван толгойд залуучуудыг ажиллуулахаар бэлдэж гэрээ хийж байгаа.

 -Баян-Өлгий аймгийн боловсролын асуудал олон жил яригдаж ирлээ. Энэ салбарт ямар бодлого баримтлан ажиллаж байна?

-Боловсролын салбарт анхаарах юм их байна. Сүүлийн хэдэн жилд манай аймгийн боловсролын түвшин улсын дунджаас доогуур үзүүлэлттэй явж байгаа. Ажил авсны дараа бүх сургуулиудын багш нараас түвшин тогтоох шалгалт авсан. Сар бүрийн шалгалтын дүнг дүгнэж, ахиц гаргахын төлөө ажлууд зохиож байгаа. Энэ жилийн ЭЕШ-ийн дүнгээс үзэхэд манай аймаг ялангуяа гадаад хэл дээр улсын хэмжээнд дээгүүр оноотой байлаа. Математик, биологи, физикийн хичээлээр дунд зэрэг, монгол хэл дээр доогуур үзүүлэлттэй гарсан байна. Энэ дүнг ахиулахад онцгой анхаарна. Монгол хэлний багш, боловсон хүчний мэргэжлийг дээшлүүлэх, чанаржуулах талаар  ажил зохиох болно.

 -Энэ жил аймгийн хэмжээнд байгаль цаг агаарын байдал тийм ч сайн биш байлаа. Өвөлжилтийн бэлтгэл хэр явж байна?

 -Аймгийн 13 сумын гуравт нь гандуу, өвс ногоо ургаагүй.  Манай аймаг нийтдээ 2,9 сая малтай, 3,5 сая га бэлчээрийн талбайтай. Үүний 20 орчим хувьд нь ургац сайтай, өвс ногоо сайн ургасан, 32 хувь нь гантай, 48 хувь гандуу байгаа. Энэ жил 660 мянган толгой малыг дотоодын хэрэгцээнд нядлах төлөвлөгөөтэй байна.  Урьдчилсан тооцоогоор 2,3 сая мал өвөлжих, хаваржих тооцоотой. Газар нутгийн 20-иод хувь нь боломжийн, бусад хувь нь гандуу байгаа учраас хил орчим байрладаг 6 сумын нутагт 385 өрхийн 70 гаруй мянган толгой малыг оторлуулахаар Хил хамгаалах ерөнхий газарт хандсан. Мөн 500 гаруй өрхийн 58 мянган толгой малыг Улсын тусгай хамгаалалттай газарт оторлуулах боломж байгаа. Ер нь 500 гаруй мянган толгой малыг отроор өвөлжүүлэх тооцоо гаргаад байгаа. Зэргэлдээ аймаг, сумдын удирдлагуудтай гэрээ хийх, зарим асуудлуудыг Засгийн газарт хандаж шийдвэрлэх ажлуудыг зохион байгуулж байна. Энэ жил 63 мян.тн өвс бэлтгэхээр төлөвлөсөн. Үүний 60 орчим хувийг өөрсдөө бэлтгэж, үлдсэн 40 гаруй хувийг гаднаас авна. Өвлийн бэлтгэлийн ажил 76 хувтай байна.

 - Манай аймгаас 2 жил дараалан улсын цолтой бөх төрөн гарлаа. Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяраар "Улсын начин" цол хүртсэн Б.Баатарцолын цол мялаах наадмыг энэ жил улсын начин болсон Б.Серикийн цол мялаах наадамтай хамт тэмдэглээгүй гэсэн шүүмжлэлийг зарим иргэд ярьж байна. Энэ талаар юу гэх вэ?

 - Өлгийчүүд бид төрийнхөө баяр наадмыг арвин их амжилтаар угтлаа. Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд Бердимуратын Серик «улсын начин» цол хүртэж, нутгийн зон олныг баярлууллаа. Однайн Бахыт харцагаас хойш тасраад байсан улсын цолыг 35 жилийн дараа манай аймгийн Булган сумын харьяат  Батчулууны Баатарцол хүртэж, бид бүхнийг бас баярлуулсан. Баатарцол маань начны тэмдгийг магнайдаа залж төрсөн нутагтаа ирэхэд бид халуун дотноор угтаж авсан. Аймгийн Засаг даргын захирамж гарч «цол мялаах» наадмыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулан ажилласан. Харамсалтай нь аймагт малын халдварт өвчин гарч, наадам зохион байгуулах боломжгүй болсон юм. Гэхдээ улсын начин Баатарцолд хүндэтгэл үзүүлж, нутгийн засаг захиргааны зүгээс 2 өрөө байраар шагнасан. Албан байгууллага болон хувь хүмүүсээс хандив цуглуулан нийт 40 сая гаруй төгрөгийг давхар гардуулж, булган сүүлтэй байж, цолоо ахиулан, араасаа дахин улсын цолтон дагуулахыг ерөөж байсан. 
Баатарцол начин маань булган сүүлтэй байлаа. Өлгийчүүд маань 2 жил дараалан улсын начинтай сайхан наадлаа. Б.Серикийн цол мялаах наадамд Баатарцолыг урьж, дахин хүндэтгэл үзүүлсэн. Хоёр начинд орон нутгийн удирдлагын зүгээс аймгийн ИТХ-аас баталсан журмын дагуу 50 сая төгрөгийн хэмжээнд ижил шагнал олгосон болно.

 -Цаашид хийхээр төлөвлөж буй ямар ажлууд байна?

 -Саяхан нэг ажлын хэсэг байгуулсан байгаа. 2020 онд манай аймаг байгуулагдсаны 80 жилийн ой болно. Ойн арга хэмжээг угтаад 80 бүтээлч ажил хийхээр төлөвлөсөн байгаа. Үүнийг  хийхээс өмнө аймгийн 13 сумын ард иргэд, байгууллагуудаас санал асуулга авч байгаа. Одоогийн байдлаар  400 гаруй санал ирсэн. Энэ саналуудын дундаас 80 гол шаардлагатай ажлын саналыг сонгож  аваад,  2020 он хүртэл  хийх зорилготой байгаа.  Аль салбар, аль байгууллага ямар ажил хийх талаар уриалга гаргах болно.
 
За баярлалаа. Бидэнд цаг зав гаргаж аймаг, орон нутагт хийж байгаа ажлын талаар мэдээлэл өгсөнд талархсанаа илэрхийлье.

 -  Баярлалаа. Танай агентлагийн хамт олонд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсье.

 - Баярлалаа.
 

Ө.Нурболат

 
 

Холбоотой мэдээ