Архангайд алт олборлолтын ус ашиглалтыг хэвийн гэж үзжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-08-14 17:37:09
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын албан даалгаврын хүрээнд Орхон Чулуут голын сав газрын захиргаа, МХГ-ын мэргэжилтнүүд хамтран энэ сарын 13-ны өдөр Цэнхэр сумын Орхон багт алт олборлож байгаа уул уурхайн компаниудын ашиглалтаас гарч буй усны чанар, ус ашиглалтын байдалд шалгалт хийжээ.
Орхон багт “Голден хаммер”, “Алтай голд”, “БМНС” зэрэг компаниуд албан ёсны үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Эдгээр компаниуд шинээр газар ухаагүй, өмнө нь угааж байсан шороогоо дахин угааж байгаа аж. Харин “Монгол газар” компани зөвшөөрөл аваагүй байна.
Дээрх алтны компаниуд бүгд Орхон голын буюу гадаргын ус ашиглан шороог угааж байгаа гэнэ. Ус ашиглалт хэвийн, усны чанарт нөлөөлөхүйц зөрчил гараагүй гэдгийг Орхон Чулуут голын сав газрын захиргаанаас хэлж байна.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ