Эрчим хүч, дэд бүтцийн байгууллагуудын өвлийн бэлтгэл 95 хувьтай

Орон нутагт | Дархан-Уул
erdenechimeg@montsame.mn
2015-11-05 11:39:20

Дархан-Уул аймгийн инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн салбарын удирдлагуудтай аймгийн Засаг дарга А.Энхболд цаг үеийн асуудлаар уулзалт хийлээ.

Уулзалтад “Дархан-Ус суваг”, Дарханы Дулааны цахилгаан станц ТӨХК, Дархан Дулааны сүлжээ ТӨХК, Дархан-Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ ХК, Цахилгаан Дамжуулах Үндэсний сүлжээний Төвийн бүсийн салбар зэрэг байгууллагуудын удирдлагууд оролцлоо. Энэ үеэр 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд хийгдсэн ажлын явцын талаар мэдээлэл хийв. Монгол улсын Засгийн газрын 2015 оны 292, 293 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын захирамжаар өвлийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөний дагуу инженерийн шугам сүлжээний байгууллагууд хуваарийн дагуу ажилласан байна. Эрчим хүчний үйлдвэрүүдийн их засвар, техник зохион байгуулалтын ажил өнөөгийн байдлаар 95 хувьтай. Өвлийн бэлтгэл ажил үндсэндээ хангагдаж дууссан гэдгийг уулзалтын үеэр онцлоод айл өрх, төсвийн байгууллагуудаас авах өр авлага их хэмжээгээр хуримтлагдсан гэдгийг хэлэв.

Мөн “Дархан-Ус суваг” ХК-ийн тухайд: “Киви” зочид буудлын өмнөх шугам аваарын байдалтай байна. Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээний Төвийн бүсийн салбараас Дархан хотод байрлах зургаан дэд станцын харуул хамгаалалт, камержуулалтын найдвартай ажиллагааг хангах шаардлагатайг ярив. Уулзалтын төгсгөлд аймгийн Засаг дарга сард нэг удаа инженерийн шугам сүлжээний байгууллагуудын мэдээллийг сонсож зөвлөлдөх уулзалтыг хийж байхаар тогтсоныг мэдэгдлээ.

                                                                                                                                                                                                                                                                                                Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ