Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил 85,2 хувьтай явагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-08-01 16:41:48
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын «Өвөлжилтийн бэлтгэл хангуулах тухай» 2017 оны А/359 тоот захирамжийн биелэлтийг хангах ажлын хүрээнд малын элдэв халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 1,259,752 толгой мал хамрагдан урьдчилан сэргийлэх ажил 85,2 хувьтай явагдаж байгаа талаар аймгийн Мал эмнэлгийн албанаас мэдээллээ.

Аймгийн хэмжээнд эхний долоон сарын байдлаар 8 төрлийн паразиттах өвчнөөр 4530 толгой мал өвчилж, 99 толгой мал хорогдон, 4431 толгой мал эдгэрчээ. Мөн халдваргүй өвчнөөр 8635 толгой мал өвчилж, түүний 7977 нь эмчлэгдэн эдгэрсэн байна.

Түүнчлэн мал, амьтны гоц халдварт өвчнөөс тайван байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 1122 м2 зорь агуулахын талбай, 733671 м2 малын хашаа хороо, 1449 м2 худаг уст цэг, 19190 м2 түүхий эд, бүтээгдэхүүн хадгалах талбай, 89285 м2 бэлчээрийн талбайд ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлууд хийгджээ.

Одоо аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 47 тоот тушаалын дагуу сумдаас дээж авч, бруцеллёз өвчний шинжилгээ хийгдэж байгаа аж.

Ө.Нурболат
Холбоотой мэдээ