Архангай аймагт "Монгол сарлаг" фестиваль болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-08-01 11:53:41
Архангай /МОНЦАМЭ/. Монгол сарлагийн үүлдэр угсааг чанаржуулах, ашиг шимийг нэмэгдүүлэн бүрэн гүйцэд ашиглах, малчдын орлогыг нэмэгдүүлэх улмаар аялал жуулчлалын уламжлалт арга хэмжээ болгон жил бүр тэмдэглэх зорилготой “МОНГОЛ САРЛАГ” фестивалийг Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой баг "Тайхарын тал"-д 8 дугаар сарын 9, 10-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Фестивалийг "Аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо" ТББ, "Нэг Архангай шинэ хөгжлийн тэмүүлэл" НҮТББ санаачлан аймгийн ЗДТГ, Ихтамир сумын ЗДТГ, Монголын бэлчээр ашиглагчдын холбоо, Монголын ноос ноолуурын холбоо, "Ногоон алт-Малын эрүүл мэнд" төсөлтэй хамтран зохион байгуулах юм байна.
Арга хэмжээний үеэр “Сүрлэг хангай” сарлагийн парад, “Хөхдэй” уралдаант тэмцээн, Сайхан сарлаг, Ганган сарлаг, Сарлагт ээлтэй малчин, Саглагар сагсаахай, Шимт идээ, Арвин баялаг, Уран сарлаг , гэсэн төрлүүдэд сарлаг шалгаруулах юм байна.
Мөн аймгуудын бэлчээр ашиглагчдын холбоодын аялагч, жуулчдад зориулсан “Өгөөж буян”, “Цагаадай” үзэсгэлэн, “Ягаадай” урлагийн тоглолт болох ажээ.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ