“Хөвсгөл ба Йосэмити: Байгалийн нөхөрлөл” үзэсгэлэн нээлтээ хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГМонгол-Америкийн Найрамдлын нийгэмлэгийн нээлтэд зориулан байгаль, зэрлэг амьтан хамгаалах үндэсний нийгэмлэгийн “Хүрээлэн” төслийн удирдагч, санаачлагч У.Ганбаяр гэрэл зургийн үзэсгэлэнгээ нээлээ.
Тэрбээр Монголын байгаль, зэрлэг амьтдын гэрэл зураг, дүрс бичлэгийн сан бүрдүүлэх зорилготой “Хүрээлэн” төслийг санаачлан, амжилттай хэрэгжүүлж байна.
“Хөвсгөл ба Йосэмити: Байгалийн нөхөрлөл” хэмээх энэхүү үзэсгэлэн нь түүний 4 дэх үзэсгэлэн юм. Эл үзэсгэлэнд Монголын Хөвсгөл аймгийн нутаг болон АНУ-ын Калифорни мужийн Йосэмити үндэсний паркад 2008-2015 онд авсан гэрэл зургуудаа дэлгэжээ.
Дашрамд дурдахад, Йосэмити үндэсний парк болон Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газруудын хооронд хамтран ажиллах санамж бичгийг өнгөрсөн долдугаар сарын 18-нд байгуулсан юм.
Тус парк нь 1890 онд байгуулагдсан АНУ-ын хамгийн ууган үндэсний паркийн нэг бөгөөд өдгөө 125 жилийн ой нь тохиож байгаа аж. Харин Хөвсгөл нуурын үндэсний паркыг 1992 онд Монгол Улсын засгийн газрын тогтоолоор байгуулжээ.
Ж.Болор