Хоршоодын ажилд үнэлгээ хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-07-17 12:50:04
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Удахгүй тус аймагт үйл ажиллагаа явуулж буй хоршоодод үнэлгээ хийхээр төлөвлөж байгаа талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний албаны дарга С.Лара мэдээллээ.

Баян-Өлгий аймагт 8000 гаруй гишүүнтэй 296 хоршоо бүртгэлтэй бөгөөд хоршооны тоогоор улсад 3 дугаар байрт ордог байна. Тэдний 44 хувь нь хөдөө аж ахуй, 16 хувь нь худалдаа үйлчилгээ, 15 хувь нь газар тариалан, 14,2 хувь нь мал эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба хамгийн олон гишүүнтэй нь хадгаламж зээлийн хоршоод ажээ.

Гэвч ихэнх хоршоод гэр бүлийн хэдхэн гишүүдийн хэмжээнд ноос, арьс ширний урамшуулал авах, төрөөс үзүүлэх ямар нэгэн хөнгөлөлт, дэмжлэгт хамрагдах зэрэг зорилгоор байгуулагдаж, хууль тогтоомж, стандартын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа нь тун цөөн тул 8 дугаар сард яамнаас баталсан удирдамжийн дагуу үнэлгээ хийхээр болжээ. Үнэлгээний явцад хоршооны хуулийн дагуу байгуулагдаж үйл ажиллагаа явуулж байгаа эсэх, бодлого чиглэл, шийдвэр нь гишүүдийн ардчилсан удирдлага, хяналтад байдаг эсэх, гишүүдийн эдийн засгийн оролцоо тэгш эсэх зэрэг асуудлуудад үнэлгээ хийх аж.

Албаны хүний мэдээлснээр одоо тендэр зарлагдаж, үнэлгээ хийх байгууллагыг шалгаруулах ажил зохион байгуулагдаж байна. 

Ө.Нурболат
Холбоотой мэдээ