Х.Баттулга: Өртэй Монголыг өргүй болгоход ханцуй шамлан орох болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-07-08 00:55:23
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тав дахь удаагийн сонгуулийн урьдчилсан дүнгээр АН-ын удирдлагууд нэр дэвшигч Х.Баттулгын хамт 01:10 цагийн үед мэдээлэл хийлээ.

АН-ын дарга С.Эрдэнэ энэ үеэр, "Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны хоёр дахь шатны санал хураалт өнөөдөр амжилттай болж өндөрлөлөө. Одоогоор саналын дүнгээ ирүүлээгүй 40 орчим хэсэг байна. СЕХ-ноос өгсөн дүн мэдээнээс үзвэл, тус намаас нэр дэвшигч Х.Баттулга нийт сонгогчдын 50.7 хувийн саналыг авснаар ялагч болсон нь тодорхой боллоо.

Энэхүү ялалтыг байгуулахад оруулсан Монголын ард түмний хувь нэмэр, дэмжлэгт АН гүнээ талархаж байна. Манай нэр дэвшигчийг дэмжсэн, сонгуулийн үйл ажиллагаанд оролцсон нийт ажилтан албан хаагчид, ажиглагч ухуулагчид, жирийн ард түмэндээ талархсанаа илэрхийлье. Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдох болзлоо хангасан Х.Баттулга анхны үгийг та бүхэнд хүргэж байна" гэв.



Үүний дараа нэр дэвшигч Х.Баттулга, "Хоёр дахь шатны санал хураалт дүнгээ гаргаж байна. Нийтдээ 610 мянган сонгогчдын саналыг авч, ялалт АН-ын нэр дэвшигчийн талд гарч байна.Өнгөрсөн хугацаанд дэмжиж ирсэн олон зуун сонгогчид, АН-ын гишүүд дэмжигчид, Ардчилсан холбооныхоо партизанууддаа баярлалаа гэж хэлье. Монгол Улсаа хөгжүүлэх үндсэн зорилготой Ерөнхийлөгч байна гэдгээ удаа дараа амалж ирсэн. Монголчууд яллаа. Монгол яллаа" гэлээ.

Үүний дараа "Та ажлаа аваад хамгийн эхэнд ямар асуудлыг барьж авч ажиллах вэ" гэсэн сэтгүүлчийн асуултад, нэр дэвшигч Х.Баттулга "Монгол Улсын Ерөнхийлөгч эв эеийг сахих ёстой. Нөгөөтэйгүүр эдийн засгийн хүндрэлийг буюу өртэй Монголыг өргүй болгоход ханцуй шамлан орох болно" хэмээн хариулав. 

АН маргааш нэгдсэн байдлаар гарах сонгуулийн дүнгийн дараа дахин хэвлэлийн бага хурал хийх аж.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ