Иргэн Д.Мөнхжаргал, Цагдаагийнхан хоёрын аль нь үнэн ярина вэ?

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-03 11:07:24

 "2013 оны 10 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Налайх дүүрэгт хүүг нь 6 удаа буудаж хөнөөсөн хэрэг үйлдсэн н.Мэндбаярт шүүхээс 25 жилийн ял оноосон ч тухайн хэргийг үйлдэхэд оролцсон гурван хүн огт ялгүй үлдсэн" гэж талийгаачийн аав, иргэн Д.Мөнхжаргал хэвлэлийнхэнд  хандан өчигдөр мэдээлсэн юм.

Хүүгийнх нь амийг хөнөөсөн дээрх сэжигтэнг нь шалгахгүй байгаад хохирогчийн аав гомдолтой байгаагаа “Ийгл” телевизийн “Иргэний танхим” нэвтрүүлэгт орохдоо ч хэлсэн  байна.

Гэтэл уг нэвтрүүлгийн дараа цагдаагийн байгууллагаас "Цагдаагийн албан хаагчдын нэр хүндэд халдсан, удаа дараалан хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан доромжилсон, тиймээс эрүүгийн хэрэг үүсгэнэ" хэмээн  заналхийлсан аж. Иргэн Д.Мөнхжаргал “Би ямар нэгэн байдлаар амь насаа алдвал цагдаагийн байгууллагатай шууд холбоотой” гэв. Түүнийг өмнө нь ч гэсэн заналхийлж, хуурамч хэрэг үүсгэн хорьж байжээ. Түүнчлэн цагдаа нар хүүхдүүдийг нь 2004, 2005 онд хүнд гэмт хэрэгт холбогдуулан "доромжилсон” гэнэ.

Энэ асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүү “Иргэн Д.Мөнхжаргал хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан цагдаагийн байгууллагын ажилтнууд хууль зөрчсөн хэмээн нэр бүхий хүмүүсийн талаар мэдээлсэн. Тиймээс уг асуудлаар Цагдаагийн байгууллагын дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын албанаас шалгалт хийж байгаа ч шалгалтын хариу одоогоор гараагүй байна" гэлээ. Иргэн Д.Мөнхжаргал, цагдаагийнхны аль нь үнэн ярина вэ?

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ