Хараа голын төмөр бетонон гүүр нурахад ойрхон байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-07-05 09:11:54
Дархан-Уул /МОНЦАМЭ/  Хараа гол дээгүүрх төмөр бетонон гүүрийн тулгуур баганууд бяцарч хүнд даацын тэрэг явах боломжгүй болж эрсдэлтэй байдал үүсээд байна. МХЕГ-ын Улсын ахлах байцаагчийн болон аймгийн МХГ-ын улсын байцаагч, аймгийн ОБГ-ын Гамшгаас хамгаалах Хяналтын Улсын байцаагчийн дүгнэлтүүдээр гүүрийн хамгаалалтын бетон эвдэрч арматур нь ил гарсан, зорчих хэсэг 10-12 см суултад орсон, хэв гажилтын заадас эвдэрсэн, засварын тулгуурын ригелийн тэнхлэгийн хэмжээ алдагдсан зэрэг ноцтой эвдрэлүүд гарч яаралтай засварлах шаардлагатай болжээ.
Дархан-Уул аймгийн мэргэжлийн байгууллагаас тээврийн хэрэгслийг нэг чиглэлээр нэвтрүүлэх, таван тн хүртэлх даацын хязгаарлалт тавих зэрэг зохион байгуулалтын арга хэмжээг авч байгаа ч гүүрийн ашиглалтын байдал улам муудаж зорчигч, ачаа тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болж техникийн холбогдолтой осол гарах, гүүр нурах магадлал улам ихэссэн байна. Аймгийн ЗДТГ 2013 онд холбогдох мэргэжлийн байгууллагаар гүүрийн засварын ажлын зураг төслийг хийлгэж 1.1 тэрбум төгрөгийн төсвийн тооцоо гаргасан боловч санхүүжилтыг нь шийдвэрлэх боломжгүйгээс гүүрний засварын ажлыг өнөө хүртэл эхлүүлж чадаагүй байгаа юм байна. Иймд гүүрний байгууламжийн эвдрэлийн хэмжээ өдөр ирэх тусам даамжирч нурах, иргэдийн амь нас, эрүүл мэнд хохирох ноцтой байдал үүсч болзошгүй байгаа учраас холбогдох яамдууд анхаарал хандуулж хөрөнгийн асуудлыг яаралтай шийдвэрлэж засварын ажлыг батлагдсан зураг төслийн дагуу мэргэжлийн байгууллагаар нэн даруй гүйцэтгүүлэхэд анхаарах хэрэгтэй байна гэж аймгийн МХГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ ярилаа.
Тус аймгийн Дархан сумын гурван мянга гаруй иргэд оршин суудаг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг “Ширээ нуруу” нь Хараа голын баруун талд байдаг учир зүүн талд нь байгаа Дархан хотын иргэдийн байнга зорчдог хэсэг бол Хараа голын төмөр бетонон гүүр юм. Анх 1991 онд ашиглалтад орсон цагаас хойш 135 у/м уг төмөр бетонон гүүрт одоо хүртэл засварын ажил хийгдэж байгаагүй аж. 
                                                                                                                                                          Б.Норовсамбуу
Холбоотой мэдээ