11 жилийн турш эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-07-03 10:49:16
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид 11 жилийн турш интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж буй этгээдийг баривчилсан талаар тус газрын олон нийттэй харилцах ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ж.Жанболат мэдээллээ.

Монгол Улсын иргэн, Өлгий сумын харьяат Г гэгч 2006 онд хуучнаар Хадгаламж банк буюу одоогийн Төрийн банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас 60,000,000 сая төгрөгийг завшиж, улмаар БН Казахстан Улс руу оргон зайлжээ.

Түүнийг 11 жилийн турш олон улсын хэмжээнд эрэн сурвалжилсны үр дүнд саяхан Монгол Улсад орж ирээд байхад нь иргэний мэдээллээр олж  баривчилсан байна.
Түүнийг одоо аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шалгаж байна.
Мөн аймгийн Цагдаагийн газраас иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх ажилд цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахыг  уриалж байна.


Ө.Нурболат
Холбоотой мэдээ