“Өрхийн тариалалтыг дэмжих” дэд хөтөлбөрт 105 сая төгрөг төсөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-07-01 19:59:21
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн нийт газар нутгийн 46.3 мянган га нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар бөгөөд үүний 4401 га талбайд 21 аж ахуйн нэгж, байгууллага 600 гаруй өрх газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байна. Тэдний үйл ажиллагаа, ажил үйлчилгээг дэмжсэн “Өрхийн тариалалтыг дэмжих” дэд хөтөлбөр өнгөрсөн гуравдугаар сард  батлагдсан.
Дэд хөтөлбөрийн талаар аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн Ө.Нурбек, Иргэн бүр хөдөлмөр эрхэлж байж эдийн засаг сэргэнэ. Иймд өрхийн тариалалтыг дэмжиж тэднийг ажилтай, орлоготой болгох, эрүүл хүнсээр хангах зорилгоор энэ хөтөлбөрийг боловсруулж баталсан. Хөтөлбөрийн хүрээнд тариаланчдыг дэмжих, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, тариаланг механикжуулах, аймгийг төмс хүнсний ногоогоор жигд тогтвортой хангах юм. Нийт  гурван  зорилт,  14 үйл ажиллагаа төлөвлөөд байна гэлээ.
2017-2020 онд хоёр үе шаттай хэрэгжих энэ хөтөлбөрийн хүрээнд жил бүр  ажлын нарийвчилсан төлөвлөгөө гарна. Энэ жил хоёр сумын 1000 өрхөд ногооны үр өгсөн. 2017 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд 105 сая төгрөг төсөвлөсөн. Хөтөлбөрийн нэгдүгээр үе шат буюу 2017-2018 онд техникээр үйлчлэх дундын төв байгуулах, хөнгөлөлттэй нөхцөлөөр хүлэмж олгох, ногооны агуулах, зоорийн багтаамж нэмэгдүүлнэ.  Хоёрдугаар үе шатанд хүнсний ногооны хангамж одоогийн түвшнээс 20-30 хувиар нэмэгдэж төмс хүнсний ногооны үйлдвэрлэлд техникийн шинэчлэл  хийгдсэн байх юм.
Б.Оюун-Эрдэнэ 
Холбоотой мэдээ