Монгол наадмын салхийг хагалсан хувьсгалчдын баяр өргөн дэлгэр болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-06-29 23:30:19
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Дэлгэр зуны сардаа дэнж хотойтол нааддаг, дээлтэй монгол түмний минь үндэсний их баяр Монгол түмний төрт ёсны их баяр, Ардын хувьсгалын 96 жилийн ойн их наадам Алтанбулаг сумын “Хувьсгалчдын баяр наадам”-аар өнөөдөр эхэллээ.
Хувьсгалчдын баяр өнөөдөр шандаст хурдан хүлгүүдийн уралдаанаар эхэлж, эрхий мэргэн харваачдын уухайн түрлэгээр үргэлжиллээ. Наадмын эхний өдөр болсон шагайн харваанд 6 багийн 40 гаруй шагайчид оролцож цэц мэргэнээ сорисоноос Дархан-Уул аймгийн н.Алагаа ахлагчтай баг тэргүүлж, Сүхбаатар сумын Төмөр замын Ж.Амарсайхан ахлагчтай баг удааллаа.
Мөн энэ өдөр болсон Алтанбулаг сумын цолгүй залуу бөхчүүдийн барилдаанд 32 бөх барилдсанаас сумын начин Б.Баатарцогт түрүүлж, сумын заан цолны болзолыг, залуу бөх Э.Алтанбаяр үзүүрлэж, сумын начин цолны болзол хангалаа. Ардын төрийн их наадмынхаа салхийг хагалан эхэлдэг ардын хувьсгалын өлгий Сэлэнгэ нутгийн Алтанбулаг сумын хувьсгалчдын наадам маргааш Үндэсний бөхийн барилдаан, хос морьтан шалгаруулах тэмцээн, Их нас, Соёолон морьдын уралдаанаар үргэлжилнэ.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ