“Ардын хүү Хуатай” номын нээлт боллоо

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2017-06-29 22:49:21
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Нэрт сэтгүүлч Ыбрайн Хуатай агсны хорвоод мэндэлсний 70 жилийн ойг тохиолдуулан эмхэтгэн гаргасан зохиолч, яруу найрагч Зурганбайн Рысбекийн “Ардын хүү Хуатай” номын нээлт аймгийн Нийтийн номын санд боллоо.

Номын нээлтэд зохиогч З.Рысбек болон Өлгий сумын ИТХ-ын дарга Х.Даулетбек, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн аймаг дахь салбарын тэргүүн Б.Өмирбек, сэтгүүлчид, иргэдийн төлөөллүүд, Ы.Хуатай агсны гэр бүл, төрөл төрөгсөд оролцлоо.

Уг номд сэтгүүлчийн урьд өмнө нь нийтлэгдэж байгаагүй бүтээлүүд, дэлгэрэнгүй намтар, хамт ажиллаж, бүтээл туурвилцаж байсан хүмүүсийн дурсамжууд багтжээ.

Ы.Хуатай нь 1947 онд Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын нутагт төржээ. 1972 оноос аймгийн радиод сурвалжлагч, орчуулагч, редактор, ерөнхий редактороор ажиллаж, 1992 онд “ТВК-10” хэмээх анхны хувийн телевизийг үүсгэн байгуулж байжээ. Тэрээр Баян-Өлгийд ардчилал хэрхэн өрнөсөн тухай “Тэмцэгчид” нэртэй ном бичсэнээс гадна С.Эрдэнэ, Ж.Пүрэв зэрэг нэртэй зохиолчдын өгүүллэгүүдээс казах хэлнээ орчуулж, зохиолч Б.Мусагийн “Ахылбайн яриа” түүврийг монгол хэлнээ орчуулсан юм.

Орон нутагт олон жил сэтгүүлчээр ажиллахдаа найруулал, тэмдэглэл, дурсамж, дурдатгал олныг бичиж, “Сэтгүүлчийн сэтгэлийн өчил” нэртэй томоохон бүтээлийн номоо 2004 онд хэвлүүлсэн аж.

Энэхүү номын нээлт нь Ы.Хуатай агсны мэндэлсний 70 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй арга хэмжээнүүдийн үргэлжлэл бөгөөд өнгөрсөн 5 дугаар сарын 3-ны өдөр “Дэлхийн Хэвлэлийн Эрх Чөлөөний өдөр”-ийг тохиолдуулан МСНЭ-ийн аймаг дахь салбараас “Сэтгүүлч Ы.Хуатай-70” онол практикийн бага хурал зохион байгуулсан юм.    

Ө.Нурболат
Холбоотой мэдээ