2016 оны эрүүл мэндийн даатгалаа бүрэн төлж үзлэгт хамрагдах боломжтойг сануулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-06-28 17:54:10
Завхан/МОНЦАМЭ/ Завхан аймагт "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн төвүүд дээр үзлэг оношилгоо хийгдэж байна.
Хүн амын дунд хепатитын вирусын халдвараас сэргийлэх, эрсдэлт зан үйлийг өөрчлөх, дархлаажуулалтыг өргөжүүлэх, мэдээллийн нэгдсэн цахим санг бүрдүүлэх замаар халдварын тандалт, хяналтын тогтолцоог бэхжүүлэх зорилготой энэ хөтөлбөрийн ажил Завханд 60 орчим хувьтай явагдаж байна. Хөтөлбөрийн хүрээнд долдугаар  сарын нэгэн  гэхэд 40-65 насны бүх иргэдийг элэгний В, С вирусын илрүүлэг шинжилгээнд хамруулах ёстой ажээ.  Завхан аймгийн хэмжээнд 40-65 насны 17983 иргэн байгаа юм байна. Эдгээр иргэдийг үзлэгт бүрэн хамруулах үйл ажиллагаа шат дараатай хийгдэж байгаа ч хэд хэдэн асуудал гараад байгаа аж. Тухайлбал аймгийн Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд сийвэн хадгалах хөлдөөгч, автомат соруур байхгүй байгаа юм байна. Тиймээс эхний ээлжинд аймгийн зүгээс Улиастай сумын гурван өрхийн эрүүл мэндийн төвийг хөлдөөгч болон автомат соруураар хангах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэж өгчээ.  Түүнчлэн иргэдийн хувьд анхаарах шаардлагатай асуудлууд ч байгаа юм байна. Тухайлбал аймгийн хэмжээнд даатгалаа хийлгээгүй 6000 орчим иргэд илрүүлэг шинжилгээнд хамрагдах боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм байна. Иргэд 2016 оны эрүүл мэндийн даатгалаа бүрэн төлсний дараа эрүүл мэндийн үйлчилгээ авах, В, С вирус илрүүлэх шинжилгээнд хамрагдах боломж бүрдэх юм. Тиймээс иргэдийг ирээдүйн эрүүл амьдралынхаа төлөө даатгалаа хийлгэж долдугаар сарын нэгнээс өмнө үзлэг оношилгоондоо бүрэн хамрагдах ёстойг аймгийн ЭМГ-аас уриалж байна.
Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ