Ч.Содномцэрэн: Гадаадад байгаа монгол иргэдийн саналыг ирэх сарын 4-5-нд авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-06-28 17:46:23
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хүрээнд зохион байгуулах Хоёр дахь шатны санал хураалт 7 дугаар сарын  4-5-нд хилийн чанадад, 7-нд дотооддоо болно.

СЕХ хуулиар хүлээсэн эрхийнхээ дагуу өмнө нь ирэх сарын 4-нд гадаадад байгаа иргэдээс, ирэх сарын 9-нд дотооддоо зохион байгуулахаар шийдвэрлэсэн ч улстөрийн нам, холбоодоос тавьж буй хүсэлтийг харгалзан хугацааг наашлуулсан байна. Ингэхдээ программ хангамжид зөвхөн хоёр нэр дэвшигчийн нэрсийг оруулах, саналын хуудсыг хэвлэн хүргүүлэх, техникийн бэлэн байдлыг хангах зэрэг бэлтгэл ажлуудыг ирэх хугацаанд хийх аж.

Түүнчлэн дахин санал хураалт болох хүртэлх хугацаанд нас барсан иргэдийг сонгогчдын нэрсийн жагсаалтаас хасах бол харин 18 насанд хүрсэн иргэнийг сонгогчоор бүртгэх юм. Гэхдээ сонгогчдын нэрсийн жагсаалтын үндсэн баазад өөрчлөлт орохгүй юм байна. Тиймээс ирэх сарын 4-5-нд гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдээс өмнө сонгуульд оролцохоор бүртгүүлсэн 7000 гаруй сонгогч л санал өгөх бололцоотой.

Тус хороо дахин санал хураалт явуулах шийдвэр гарсантай холбогдуулж гадаадад санал өгөх иргэдийн тоогоор саналын хуудсыг нь хэвлүүлээд байна гэж 
Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн мэдээлэв.
 
Б.Туул

Холбоотой мэдээ