Мах, махан бүтээгдэхүүн экспортлох үйлдвэрийн шав тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-06-26 19:58:50
Өвөрхангай /МОНЦАМЭ/  Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболдын санаачилга, хүчин чармайлтаар Монгол Улсад анхны томоохон махны үйлдвэрийг тус аймагт байгуулахаар энэ сарын 22-нд үйлдвэрийн шав тавилаа.
БНХАУ-ын “Хай чуан” групп, АНУ-ын “Жарвис Монголиа”  компанитай хамтран мах экспортлох зорилго бүхий уг үйлдвэрийг байгуулахад Өвөрхангай аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд, МУЗГ, ХХААХҮЯ-аас ихээхэн дэмжлэг үзүүлсэн юм. Хоногт 3000 бог мал, 1000 бод малыг боловсруулах хүчин чадалтай тус үйлдвэр ашиглалтанд орсноор зөвхөн Өвөрхангай аймаг төдийгүй бүс нутгийн бэлчээрийн мал аж ахуй, экологийн цэвэр мах, махан бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гарах боломж бүрдэж, орон нутгийн иргэд тогтмол ажлын байраар хангагдан орлогоо нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн үзэж байна.
Энэхүү  томоохон бүтээн байгуулалтанд Өвөрхангай аймаг талаас оролцохын тулд Орон нутгийн өмчит “Өв Мийт Продакст” ХХК-ийг байгуулж, хамтын ажиллагаанд гарын үсэг зурлаа. Тус үйл ажиллагаанд арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, аймгийн Засаг дарга Г.Ганболд, аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн, Орон нутгийн өмчит “Өв мийт продактс” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Загарзүсэм, “Жарвис Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Л.Ариунбат,  “Хай Чуан” группын ТУЗ-ийн гишүүн Ван Шианчэн нар оролцсон юм.
Энэ үеэр “Жаст Агро” ХХК-ийн 2012 онд байгуулаад үйл ажиллагааг нь явуулаагүй, мах боловсруулах үйлдвэрийн барилга Төрийн банкинд гурван тэрбум төгрөгийн барьцаанд байсныг Засгийн газраас чөлөөлж, орон нутгийн өмчид шилжүүлэн өгөв. Дээрх махны үйлдвэрийг түшиглэж, орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан “ӨВ Эко Мийт” мах боловсруулах үйлдвэрийг барих бөгөөд АНУ-ын “Жарвис Монголиа” компанийн үйлдвэрлэсэн дэлхийд тэргүүлэгч тоног төхөөрөмжүүдийг суурилуулах аж. Үйлдвэрийн барилга угсралтын ажлыг АНУ, БНХАУ-ын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар Монгол компаниар гүйцэтгүүлэх бөгөөд энэ ондоо багтааж ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
 Б.Батчимэг
Холбоотой мэдээ