"Цэций” салхин цахилгаан станц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрлөө авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-06-23 17:49:53
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт барьж буй "Клин Энержи Ази" ХХК нь сэргээгдэх эх үүсвэрээр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрлөө гардаж авлаа. Ингэснээр Монгол Улсад том хэмжээний хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний хоёр дахь салхин цахилгаан станц ашиглалтад ороход бэлэн болж байгаа бөгөөд "Цэций” салхин цахилгаан станц нь 50 мегаваттын хүчин чадалтай юм.
Цахилгаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг Монгол Улсын Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Д.Бассайхан, ажлын албаны дарга Г.Эрхэмбаяр нар гардуулж өгсөн бөгөөд тусгай зөвшөөрлийг гардуулах ёслолын үйл ажиллагаанд Эрчим Хүчний Яамны Сэргээгдэх Эрчим Хүчний Хэлтэсийн дарга М.Ангараг, Цогтцэций сумын Засаг дарга О.Бадарч, орон нутгийн удирдлагууд болон албаны бусад төлөөлөл оролцсон байна. 

"Клин Энержи Ази" ХХК нь Цахилгаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлөө хүлээн авснаар Диспетчерийн Үндэсний Төвөөс баталсан 2017 оны "Цахилгаан үйлдвэрлэх төлөвлөгөө” -ний дагуу энэ ондоо 42 сая кВт.ц цахилгааныг, 2018 оноос эхлэн 25 жилийн хугацаанд жилд дунджаар 201 сая кВт.ц цахилгааныг Төвийн бүсийн эрчим хүчний системд нийлүүлэх боломжтой болох юм.
Тус төслийг Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк болон Японы Олон Улсын Хөгжлийн Агентлаг (ЖАЙКА) -аас олгосон зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байна. Онцлон дурьдахад энэхүү төсөл нь ЖАЙКА- ийн зүгээс сэргээгдэх эрчим хүчний салбарт хийж буй анхны гадаадын хөрөнгө оруулалт болж байгаа юм.

"Цэций" салхин цахилгаан станцын барилга угсралтын явц төслийн ажлын хуваарийн дагуу энэ оны 6 дугаар сард нийт 10 салхин турбин генераторыг угсарч, туршилт, зүгшрүүлэлтийн ажлыг хийж, гүйцэтгэхэд бэлэн болоод байгаа аж. Төслийн талбар дахь замын барилгын ажил үндсэндээ бүрэн дуусч, дэд станцын барилга угсралт, цахилгаан дамжуулах агаарын шугамын ажил тус бүр 80 орчим хувьтайгаар шахуу төлөвлөгөөний дагуу амжилттай үргэлжилж байна.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ