Чингэлтэй дүүрэг жишиг өрхийн эмнэлэгтэй болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2017-06-21 17:15:26
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНТУ-ын Турк улсын Истанбул хотын хөрөнгө оруулалтаар буюу “Tика” төслийн буцалтгүй тусламжаар Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга барих болж, өнөөдөр шав тавилаа.

Нийслэлийн хэмжээнд 20 жишиг өрхийн эмнэлэг буюу олон улсын стандартад нийцсэн өрхийн эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлэхээр болсон байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 10, БНТУ-ын Истанбул хотын буцалтгүй тусламжаар 10 өрхийн эмнэлгийн барилга барина гэдгийг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудлыг хариуцсан орлогч Ш.Анхмаа шав тавих ёслолын үеэр онцлов.

Тэрбээр, "Нийслэлийн хэмжээнд нийт 142 өрхийн эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрийн дийлэнх нь өөрийн гэсэн байргүй. Хороо, цагдаагийнхаа байртай хамт байдаг учраас иргэдэд анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэхэд хүндрэлтэй  байдаг. Тиймээс зөвхөн эмнэлгийн барилгыг бариад зогсохгүй сүүлийн үеийн шинэлэг тоног төхөөрөмжөөр хангах талаар “Тика”-тай ярилцаж, гэрээ хэлэлцээр хийж байгаа”  хэмээв.

Шав тавих ёслолд УИХ-ын гишүүн Д.Ганболд, НЗД-ын Нийгмийн асуудал хариуцсан Ш.Анхмаа, “Тика” хөтөлбөр зохицуулагч Өмэр Гүндогду, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат болон холбогдох албаны хүмүүс оролцов.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ