Завханд Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулахад 973 төрийн албан хаагч ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-06-20 16:37:45
Завхан/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах Завхан аймгийн Сонгуулийн хороо 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж анхан шатанд удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байна.
Аймгийн Сонгуулийн хорооны 2017 оны 04 сарын 21-ний өдрийн 01 дугаар тогтоолоор 24 суманд салбар Сонгуулийн хороо байгуулагдаж, 113 санал авах байранд нийт 973 төрийн албан хаагчид ажиллахаар аймаг, сумын сонгуулийн хороодын тогтоолоор томилогджээ. Сонгуулийн тухай хуулийн 69, 75 дугаар зүйлийн дагуу 218 шадар туслагч, 572 ухуулагч, 683 тээврийн хэрэгслийн зөвшөөрөл, мөн 1356 ажиглагч ажиллахад бэлэн болж намууд материалаа хуулийн дагуу бүрдүүлж өгсөн байна.
Аймгийн сонгуулийн хороо сонгуулийг нээлттэй ил тод, шударга хариуцлагатай явуулах үүргийг хүлээж, орон нутгийн Шинэ Завхан телевиз, Air1 телевиз, 106,9 fm радио, Завхан сонинтой хамтран ажиллаж ард иргэдэд мэдээ мэдээллийг хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль  энэ сарын 26-нд 07:00 цагаас 22:00 цагийн хооронд явагдах тул Төрийн тэргүүнээ сонгох сонгуульдаа Монгол Улсын бүрэн эрхт иргэн та сонгох эрхээ эдлэн идэвхтэй оролцож  саналаа өгөхийг аймгийн Сонгуулийн хорооноос уриаллаа.
Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ