Хоригоо цуцлахгүй бол хамтран ажиллахгүй гэдгээ Катар улс мэдэгдлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2017-06-20 12:05:57
ДОХА./VOA/. Хэрэв хөрш орнууд маань манай улсын эсрэг авсан эдийн засгийн болон аялал жуулчлалын хориг арга хэмжээ цуцлахгүй аваас тэдгээр орнуудтай хэлэлцээ хийхгүй гэж Катар улс мэдэгдлээ.  

Хөрш орнууд нь Катар улсыг "терроризмыг санхүүжүүлсэн" гэж буруушааж байгаа бол Доха үүнийг эрс үгүйсгэж байгаа юм.  


Катарын Гадаад хэргийн сайд Шейх Мохаммед бин Абдулрахам аль-Тани нийслэл Доха хотод сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “хэлэлцээг ямар нэгэн дарамт шахалт, хоригийн дор биш харин иргэншин соёлжсон нөхцөлд явуулах ёстой гэдгийг хүн бүрт ойлгуулах хэрэгтэй. Одоог хүртэл хоригийг цуцлах талаар ямар ч ахиц гараагүй байна, цаашид хэрхэх нь бидэнд тодорхойгүй байна ” гэжээ.

Катарын хөршүүд болох Бахрейн, Саудын Арави болон АНЭУ хоёр долоо хоногийн өмнө Катараас харилцаагаа тасалсан явдал нь ойрын жилүүдэд нүүрлээгүй хямрал үүсэхэд хүргээд байгаа юм. 

Хамгийн түрүүнд Саудын Арави дипломат харилцаагаа тасалсан бөгөөд 6 дугаар сарын 5-ны өдөр Катар дахь элчин сайдын яамаа татан буулгаж, катарчуудыг 6 дугаар сарын 19 гэхэд эх нутаг руу буцахыг шаардсан байна. Мөн тус улс Катартай залгаа хилээ хааж, Катарын нисэх онгоцыг Саудын Аравийн агаарын орон зайд нэвтрэхийг хоригложээ. 

Катарын Гадаад хэргийн сайдын мэдэгдэхдээ "манай улс Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөлтэй холбоотой асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн байна" гэлээ. Уг зөвлөлийг Катар, Саудын Арави, АНЭУ, Бахрейн, Кувейт болон Оман бүрдүүлдэг юм.

Х.Сарнай 



 

Холбоотой мэдээ