Лондонд гарсан халдлагыг үйлдсэн этгээдийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-06-20 09:10:26
ЛОНДОН./TASS/. Лондон хотын Финсбери-парк дүүрэг дэх лалын шашны сүмийн дэргэд халдлага үйлдсэн этгээд нь 47 настай Даррен Осборн гэгч байжээ.

Их Британийн нийслэлийн цагдаагийн газар /Скотленд-Ярд/  өмнө нь мэдэгдэхдээ, халдлага үйлдсэн этгээд 48 настай гэж байсан боловч түүний нэрийг дурдаагүй юм. Дараа нь Скотленд-Ярд твиттер хуудсандаа “халдлага үйлдсэн этгээд 47 настай” гэж бичсэн байна.

Өчигдөр буюу даваа гарагт орон нутгийн цагаар 00:20 цагт Финсбери-парк дүүрэг дэх сүмд шөнийн мөргөл хийгээд бөөнөөрөө гэртээ харьж явсан мусульманчууд руу цагаан өнгийн фургон машин дайрч орсон байна. Фургоны жолоочийг гудамжаар явж байсан иргэд барьж аваад цагдаа нарт хүлээлгэн өгчээ. Энэ хэрэг явдлын улмаас нэг хүн амиа алдаж, 10 хүн шархадсан байна.

Телевизийн Sky News сувгийн мэдээлснээр, Осборныг эхлээд хүний аминд халдсан хэргээр баривчилсан ба дараа нь терроризмтой холбоотой хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ.
Х.Сарнай 
Холбоотой мэдээ