“Бид хамтдаа” үндэсний форум өндөрлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-10-30 19:03:43

МАН-аас санаачлан зохион байгуулсан "Бид хамтдаа" үндэсний форум энэ долоо хоногт амжилттай үргэлжилж өндөрлөлөө.

Улс орныхоо өмнө тулгамдаж буй асуудлыг эрдэмтэн мэргэд, ахмад буурлууд, тухайн салбарын мэргэжилтнүүдийг хамруулан хэлэлцүүлж, тодорхойлсон асуудалдаа гарц шийдлийг олох зорилготой энэхүү форум зорилгоо давуулан биелүүллээ хэмээн форумд оролцогсод дүгнэв.

Дөрвөн өдрийн турш дөрвөн үндсэн чиглэлийн дагуу нийтдээ 28 салбар хуралдаанаар 81 илтгэл тавигдсан энэхүү форумыг дүгнэж МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд  “Бид хамтдаа” үндэсний форум үндсэн зорилгоо биелүүлж, уламжлал дээр суурилсан шударга шинэчлэлийг, дүр эсгээгүй жинхэнэ ардчиллыг, хүчирхэг монголыг эрэлхийлсэн үзэл санаатай хүн бүрийн индэр байж чадлаа. Шинийг эрэлхийлсэн, сэрсэн тулхтай бодол санаа бүхэн хэзээ нэгэн цагт бодит биеллээ олдгийн учир Монгол Улс цаашдаа хэрхэн хөгжих вэ гэсэн асуултын хариуг иргэдийнхээ захиа даалгавар, эрдэмтэн мэргэжилтнүүдийнхээ санал зөвлөмжид суурилан гаргаж, цаашдын үйл ажиллагааныхаа луужин, хэрэгжүүлэх хөтөлбөрийнхөө үндэс суурь болгох ёстой гэж үзэж байгаа” хэмээн илтгэлдээ онцолжээ.

"Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл", "Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн бодлогын үндсэн асуудлууд", "Монгол Улсын нийгмийн хөгжлийн бодлогын асуудлууд", "Нийслэлийн хөгжлийн бодлогын асуудлууд" гэсэн үндсэн сэдвийн дагуух хэлэлцүүлэгт давхардсан тоогоор 5580 хүн оролцож, 277 хүн үг хэлж, санал бодлоо илэрхийлсэн аж.

 

 

Холбоотой мэдээ