Хүүхдүүдийг цахим орчноос хөндий байлгахыг эцэг эхчүүдэд зөвлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-06-18 16:46:53
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн албан байгууллагын дарга, эрхлэгч нарын ээлжит хурал болж аймгийн БСУГ-ын дарга С.Ганчимэг мэдээлэл хийлээ.
2016-2017 оны хичээлийн жилд аймгийн хэмжээнд 1037 хүүхэд суурь боловсрол, 1124 хүүхэд бүрэн дунд боловсрол эзэмшсэн байна. Зуны амралт эхэлж сургууль цэцэрлэгийн засварын ажлууд эхэлж байна. Энэ жил ихэнхи сургууль, цэцэрлэг өөрсдийн нөөцөөр засварын ажлуудаа хийнэ. Харин Эрдэнэхайрхан сумын цэцэрлэгийн барилгын засварын ажил, Цагаанхайрхан сумын цэцэрлэгийн барилгын цэвэр усан хангамж, хашаа барих ажлын тендер зарлагдаад байгааг дуулгалаа.
Мөн зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан хэд хэдэн сэрэмжлүүлэг мэдээллийг өгөв. Тухайлбал хүүхдүүд өдөр бүр гар утас, интернэт хэрэглэж цахим ертөнцөд шимтэх болсноор гэр бүлээсээ хөндийрч, сэтгэхүй, зан араншинд нь өөрчлөлт орж, гэмт  хэрэгт холбогдох тохиолдол хүртэл гарч байгаа ажээ. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөлөө. Цахим орчинд хүүхдүүд нэгнээ ялгаварлан гадуурхах явдал их байгаатай холбогдуулан БСШУСЯамнаас энэ хичээлийн жилд “Цахим гадуурхал цаашаа” аяныг амжилттай зохион байгуулсан байна. Энэ хүрээнд Завхан аймагт хүүхдүүдийн дунд тандалтын судалгаа, сургалтыг зохион байгуулжээ. Хүүхдүүдээс авсан судалгаагаар тэдний хүсэл мөрөөдөл нь аав ээжтэйгээ хамт байж халуун дулаан яриа өрнүүлэхийг хүсдэг тухайгаа хэлжээ. Иймд эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ аль болох ойр дотно байхаас гадна БСУГ, ЭМГ, Цагдаагийн газар зэрэг байгууллагуудаас зөвлөмж авах боломжтой гэдгийг нэмж хэллээ.
Б.Мягмарсүрэн 
Холбоотой мэдээ