Төрийн өмчит хүүхдийн зуслан байгуулах газрыг судлах ажлын хэсэг байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-06-13 22:22:56
Өвөрхангай /МОНЦАМЭ/ Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ/-ын дэргэд төрийн өмчит хүүхдийн зуслан байгуулах асуудлыг хэлэлцлээ.
БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 10 аймагт хэрэгжүүлж байгаа “Хүүхдийн зуслан” байгуулах төсөлд Өвөрхангай аймаг хамрагдаад байгаа юм. Харин хүүхдийн зуслан барих газрын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа бөгөөд Арвайхээр хотоос 30 км-т орших Цагаан бургастай хэмээх газар хүүхдийн зуслан барихаар төлөвлөсөн ч Онги голд ойр учраас дахин судлахаар болж ажлын хэсэг байгуулжээ.
Хүүхдийн зусланг барихад 1 тэрбум 201 сая гаруй төгрөгийн төсөв шаардагдах ажээ.

Өвөрхангай аймагт хүүхдүүд зуны амралтаа үр дүнтэй, хөгжилтэй өнгөрүүлэх зуслан ганцхан байдаг. Хужирт сумын нутагт байрлах “Цагаан залаа” хүүхдийн зуслан нь 1964 онд байгуулагдсан, 2003 онд хувийн өмчлөлд шилжсэн, 200 хүүхэд хүлээн авах зуны барилга байгууламжтай, 160 хүүхэд зэрэг хооллох зоогийн газар, соёлын төв, сагсан бөмбөг, гар бөмбөгийн талбайтай, 53 жилийн хугацаанд 60 гаруй мянган хүүхэд багачуудыг хүлээн авсан, томоохон амралтын газар юм.
Тус зусланд жил бүрийн 6 сарын 12-ноос 8 сарын 21 хүртэл 9 ээлжээр хүүхэд хүлээн авдаг бөгөөд энэ жилийн хүүхэд хүлээн авах ажлын бэлтгэл 80 хувьтай байна. “Цагаан залаа” зусланд амрах нэг хоногийн зардал 22 мянган төгрөг байдаг аж.
Гэвч тус зусланг аймгийн төвөөс хол байрлалтай, дэд бүтцийн асуудал шийдэгдээгүй, хүүхдүүдийн эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхолд нийцсэн үйлчилгээ үзүүлдэггүй, төлбөр өндөр, хоолны чанар хүртээмж муу хэмээн иргэд үнэлдэг байна.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ