Төв аймагт улаан буудайн тариалалт дуусч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-06-13 01:34:12
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд хүнсний ногооны тариалалт ид дундаа явж байгаа бол үр тарианы тариалалт тэр дундаа улаан буудайн тариалалт дуусч байна. Харин тэжээлийн ургамлын тариалалт эхэлж байна. Өнөөдрийн байдлаар тариалалтын явц 85  хувьтай явагдаж байна. 

Төв аймаг энэ жил 65 мянган 127 га талбайд буудай 63 мянга 665 га, төмс таван мянга 291 га, хүнсний ногоо 306 га, жимс жимсгэнэ 18 га, тосны ургамал таван мянга 200 га, тэжээлийн ургамал 171 га тус тус тариалаад байна гэж Төв аймгийн ХХААГ-ын газар тариалангийн ахлах мэргэжилтэн Ц.Алимантуяа хэллээ.

Энэ жилийн тариалалт өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад үр тариа 14,3 хувь, төмс 40 хувь, хүнсний ногоо 23 хувиар тус тус илүү явагдаж байгааг ХХААГ-аас мэдээлэв.

Одоогоор нийт 75 мянга 579 га талбайд тариалалт хийгдээд байна. Үүнээс үр тариаг 145 аж ахуй нэгж, 68 иргэн,  төмсийг 53 аж ахуй  нэгж, 621 иргэн, тэжээлийн ургамлыг 5 АНН, 372 иргэд тариалалтыг хийгээд байна.

Мөн ОБЕГазраас үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдэд Цээл, Жаргалантын улсын нөөцийн салбар болон ТЭДС-аас 2310 тонн үрийн будааг 40 хувийн урьдчилгаа нөхцөлтэйгөөр тариаланчдад олгож байгаа аж.
 
Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ